"Шагдарсүрэнгийн Сонинбаяр: Нас, буян, билиг ухаан гурав тэгшрэх нь жаргал юм"
Индианагийн их сургуульд зочин судлаач байхдаа 2004 оны эрдэм шинжилгээнийх нь хуралд “Монголын шашин” сэдвээр миний бие нэг салбар хуралдаан зохион байгуулсан билээ. Хуралд Монголоос лам багшийгаа урьсан юм. Тэгээд хурлын дараа багштайгаа ийн хуучилж байж. Сайн хүнийг дурсана гэдэг үг сургаалыг нь санаж, хэл захиасыг нь биелүүлж явахын хэрэг биз ээ. Үүний тул та бүхэндээ багшийн үгийг хүргэсү.
-Та энэ хуралд Иштавхай ламын талаар илтгэлээ. Энэ ламын талаар тухайлан илтгэхийн гол учир нь юу байв?
-Энэ хүнийг онцлохын учир нь, нэгд гэвэл Иштавхай лам хуучин цагийн сонгодог боловсролтой хүмүүсээс үлдсэн маш цөөн хүний нэг. Хоёрт гэвэл тавь, жар, далаад оны үед ШУА, МУИС-ийн эрдэмтэн багш нартай холбоотой байж, хоёр үеийн эрдэм мэдлэгийн хооронд гүүр болж байсан хүн юм.
-Яг одоогоор ямар сэдвээр ажиллаж байна вэ?
-Би ер нь төвөд хэлээр зохиол бүтээлээ бичсэн монгол лам нарын талаар судлахыг их боддог. Манай багш нар ч энэ талаар хэлж байсан. Энэ чиглэлээр ердөө хоёр л судалгаа гарсан юм. Нэг нь 1959 онд болсон Олон Улсын Монголч Эрдэмтдийн анхдугаар хуралд манай номч мэргэн лам, хамба Гомбожав гуайн тавьсан "Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйл" нэртэй илтгэл. Тэнд 200 гаруй монгол ламыг дурдсан байдаг. Үүний дараа Гандан хийдийн гэвш, эрдэмт лам Иштавхайн гаргасан бүртгэл бий. Энэ хоёр дээр үндэслээд цааш нь баяжуулан судлах хэрэгтэй байна.
-Докторын зэргээ ямар бүтээлээр хамгаалсан билээ?
-Дөрвөн жилийн өмнө ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хамгаалуулах зөвлөлөөр "Өндөр гэгээн Занабазарын Монголын шашин соёлд оруулсан үүтгэл" бүтээлээ хэлэлцүүлэн зэрэг хамгаалсан.
-Хошуу судлал гээч өмнө байсан судалгаа юу? Энэ судалгааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Ер нь би Монголын номын мэргэд сэдвээр голчлон дагнадаг. Гэхдээ энэ сэдэв бол маш олон зүйлтэй холбогддог юм. Тэгээд сүүлийн 2 жилд 2 ном бичээд байгаа. Ноднин "Халхын Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны газар нутгийн цэс", энэ жил "Боржигин хошууны засаг ноёд хийгээд шашин номын мэргэд" гэдэг хоёр ном гаргалаа. "Боржигин судлалын төв "гэж төрийн бус байгууллага бий. Тэргүүн нь түүхч Намжил, би дэд тэргүүн нь, дээр нь эцэг эх ч боржигин, багш нар маань ч боржигин, Боржигины бүх юм надад шингэсэн учраас энэ талаар бичих ёстой хүний нэг нь юм аа.
-Одоо Монголд боржигин биш хүн бараг үгүй болоод байна уу даа? Жинхэнэ боржигинчууд хаагуур хаагуур нутаглаж байсан юм бэ?
-Харин тийм ээ, хоёр хүний нэг нь л боржигин. Тийм юм гэж юу байх вэ дээ.Боржигинчуудын нутаг маш тодорхой, одоогийн захиргаагаар бол 5 аймгийн 14 суманд боржигинчууд байж. Дундговийн зүүн талын 3 сум, Төв аймгийн урд талын 3 сум, Хэнтийн 2 сум, Дорноговийн 5 сум, тэгээд Говь Сүмбэр аймаг орно. Боржигин Сэцэн вангийн хошуу анх байгуулагдсанаасаа хойш 1924 оныг хүртэл 12 ноёны нүүр үзсэн юм билээ. Анхных нь Шолой сэцэн хан, тэгээд тэрнээс хойш түүний үр удмынхан энэ хошууны ноёд болсон байдаг. Мал хөрөнгө, эрдэмтэн мэргэдээр баялаг, Халхын Сэцэн хан аймгийн хамгийн том 4 хошууны нэг нь байжээ. Боржигинд тухайлан судлууштай олон өвөрмөц онцлог бий. Хэл заншлаа ихээхэн хадгалж үлдсэн. Боржигин найр л гэхэд маш нарийн дэг жаягтай, хүүхэд залууст хүмүүжлийн ач холбогдолтой. Боржигин эмээл, боржигин байшин, боржигин боов гэж хүртэл бий.Боржигин боов ул боовноос их өөр, дөрвөлжин байдаг юм. Боржигин айл бүрд бороохой байдаг. Боржигин хошуу дотроо 44 отогтой. Би бол Боржигин Сэцэнвангийн хошууны Тавнангууд сумын Баатар отгийн хүн. Тавнангууд одоо бол голчлон манай Говь-Угтаал суманд байдаг.
-Говь-Угтаал сум таны уугуул нутаг уу?
-Тийм ээ, би 1952 онд Говь-Угтаал суманд төрсөн хүн . Найман нас хүртлээ аав ээж дээрээ байгаад сургуульд орсон.
-Сургуулиа төгсөөд шууд Шашны Дээд Сургуульд орсон юм уу?
-Үгүй ээ, 70 онд Дундговь аймгийн 10 жилийн сургууль төгсөөд Багшийн Дээд Сургуульд анх орсон юм. Жил хагас гаран сурч байтал эмээгийн маань бие муудаж, нутаг буцаад тэр чигээрээ эргэж ирээгүй. 73 онд эмээд эм тан өгч байсан Ганданхийдийн Хайдавжунай гэдэг ардын эмнэлгийн лам дээр, хотод хоёр дахь удаагаа ирлээ. Тэднийх Хонхорын станцаас цаахан хөдөөлж байсан. Хайдавжунай гуайн шавь Бадам гэж өвгөн байсан юм. Тэр хүн намайг анх удаа "Хүү минь чи шашны сургуульд орохгүй юу? Энэ жил элсэлт авах юм байна" гэж билээ. Би ч тэр үед ямар ч төсөөлөлгүй байсан болохоор "Сайн мэдэхгүй байна аа" л гэж үнэнээ хэлсэн. Дараа нь Бадам гуай "Энэ хамар хашаанд миний хоёр багш байдаг юм. Чи энэ хоёр багшийн хэнийг нь шүтэх вэ?" гэж асууж байна. Бас л юу ч мэддэггүй. Тэр хоёр багшийн нэг нь манай гавж багш (Сонинбаяр багш өөрийнхөө багшийн алдрыг цээрлэн хэлдэггүй юм. Гавж лам Тувааны Данзан-Одсэрийг хэлж байна. М.С.), нөгөө нь Ишлхүндэв лам байж. Бадам гуай намайг Шашны сургуулийн элсэлтэд бүртгүүлчхэж.
Тэгээд нэг өдөр хоёулаа багшийнхаар ороодхоё гэж байна. Гэрт нь ороход баруун орон дээрээ завилаад суучихсан, нүдний шилтэй лам байсан нь гавж багш маань юм. Бадам гуай намайг танилцуулаад "Энэ манай нутгийн хүү… Шинийн найманд биз дээ" гээд л юм яриад байна. Тэгсэн харин шинийн найманд ном эхэлж заалгахаар ярьчихсан байж. Шинийн найманд Бадам гуай надад хадаг, зул, хүж өгч, ороод яахыг сайн зааж өгөөд багшийнд орууллаа. Хэлсэн ёсоор нь ороод зул, хүжээ Бурханд нь өргөөд хадгаа багшид бариад тонгойсон. Их сайхан арц хүж ханхалсан айл байж билээ. Багш нэг ном уншаад төвөд цагаан толгойн хэдэн үсэг заалаа. Тэгээд "Сургуулийн шалгалт удахгүй болно, 10-р ангийн хөтөлбөрөөр, түүх, хэл бичгийн хичээлээр шалгана" гэж хэлж байна. Наадмын дараахан шалгалт өгч тэнцээд сургуульдаа орсон. Ингэж Бадам гуайн ачаар анхлан багштайгаа золгож, лам болсон хүн дээ.
-Дээд сургуулиа төгсөөд Гандан хийддээ үлдсэн үү?
-Тийм ээ, 1979 онд сургуулиа төгсөөд Гандан хийдэд сул лам болсон. 81 онд Гандангийн номын сангийн туслах боллоо. Эрхлэгч нь хамба лам байсан Дагвадорж гуай байлаа. 1985 онд Шашны Дээд Сургуульд багш болсон. 1989 онд Энэтхэгийн Дармасалад Буддын Диалектик Институтэд, өөрийнхөө зиндааны лам болох Цэрмаатай хамт явсан. Тэр сургууль бол Буддын философи голчлон үздэг, Чойрын дацан л юм даа. Миний хувь дутаж, тэнд бие сайн таараагүй, удалгүй буцсан юм. Ирсэн хойноо бас онош сайн тодрохгүй, хэсэг бие тааруу байсан. Тэгээд эргээд сургуульдаа багшилж байгаад 2000 онд Булган захирал өөр ажилд шилжин ажлыг нь хүлээж авсан.
-Шашны сургууль бусад сургууль шиг жил бүр элсэлт аваад байдаггүй, жил бүр ч төгсгөөд байдаггүй байх аа? Байгуулагдсанаасаа хойш хэдэн төгсөлт хийгээд байна даа?
-Манай сургууль 1970 онд Гандан хийдийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж Гомбожав гуай, Буриадын бандида хамбатан Гомбоев гуай нарын санаачилгаар, хоёр улсын гэрээгээр байгуулагдсан гэдэг. Тэр цагаас хойш 13 удаагийн төгсөлт хийгээд байна. Манайд Монголоос гадна Буриад, Тува, Халимагийн лам нар сурдаг. Нийтдээ энэ 13 төгсөлтөөр гурван зуугаад лам бэлджээ. Яг одоогийн байдлаар 100 шахам оюутантай, 4-р анги бий, 1-р анги бий. Эм зурхайн анги гэж шинээр нээсэн нэг анги бас байгаа. Үндсэн арваад багштай.
-Танаас өөр гавж цолтой багш бий юү?
-Манай зиндааны Цэрмаа лам, Булган багш нар байна. Урьд намайг сурч байхад ахмад багш нар маш олон байлаа. Одоо ч Цэрмаа бид хоёр л хамгийн настай нь болж байх шиг байна даа.
-Залгамж халаа болох сайн лам нар гарч байна уу?
Залуу, сайн лам олон бий. Залуусаасаа арай ахимаг нь болох доктор Булган л гэхэд эрдэм номтой, сайн лам шүү.
-Гавж цолыг танай сургууль хамгаалуулдаг уу? Та өөрөө хаана хамгаалсан юм бэ?
-Гандан тэгчинлин хийдийн Дашчоймпил дацанд сайн нөхдийн буянаар гавжийн дамжаа барьсаан.
-Гавж гэхээр "Арван бэрхийг давах" гэсэн үг гэсэн. Ямар арван бэрхийг давдаг юм бэ?
-Төвөд хэлнээс монголд орохдоо "гавж" болсон энэ үг уг нь га + жу гэсэн төвөд үг юм аа. Га гэдэг нь "бэрх", жу нь "арав" гэсэн үг. Шашны философийг судалдаг. Би тэр арван бэрхийг давчихсан хүн биш ээ. Гавж гэсэн нэр л зүүж явна. Ямар арван бэрхийг үздэг вэ гэвэл юуны өмнө Чойрын таван боть гэж бий.Үүний нэгд Нам дэл буюу "учир шалтгааны ухаан", хоёрдахь нь төвдөөр Парчин, самгардаар Пража прамида гэдэг гүн ухаан, гуравт Ум буюу хоосон чанарын ёс, дараа нь төвөдөөр Зод, самгардаар бол Авидарма, тавд Дүлба: монголоор "номхотгохуйн ухаан" гэдэг Винайн ёс.
Чойрын энэ таван ухааныг үзэж судлахад үндсэн таван ном гэж бас байдаг. Голдуу эртний Энэтхэгийн гүн ухаанч лам нарын бүтээсэн номууд. Тодорхой хэлбэл, Нам дэлийг судалсан гол ном нь "Нам дэл заваа". Энэ номыг эртний Энэтхэгийн гүн ухаантан Дарма Кирди (төвдөөр Галдан Чойдог) зохиосон юм. Парчингийн үндсийг Пагва Тогмид (самгардаар Арьяа Асангаа) гэж хүн, Ум буюу хоосон чанарын ёсыг алдарт Нагаржунай нар бичсэн. Умын завааг харин Балдандаваадагва (самгардаар Зандраа кирти) бичсэн юм. Авидармаг Ловон Игнэн (самгардаар Басу Вандха), Винайн гүн ухааныг Ёндон-Од бичсэн байгаа. Энэ бүгдийг судалж гавжийн дамжаа барьдаг ёстой.
-Энэ арвыг судална гэхээр шууд эх судруудыг нь үзэж өөрсдөө бясалгах уу? Барууны ёсонд зэрэг цол хамгаалахад ном зүй гэж чухал байдаг шиг тусгай судалгааны бүтээлүүд байх уу?
-Энэ таван ухаан хийгээд үндсэн бүтээлүүдийг төвөд, монгол номын мэргэд янз бүрээр тайлбарлан тусгай сургууль үүсгэсэн байдаг. Ийм сургуулийн үндэс болсон тайлбар бүтээлүүдийг "Игчаа" гэдэг юм. Игчаа гэж сурах бичиг гэсэн үг. Дээхэн үедээ Төвөдөд долоон игчаа байсан гэдэг. Одоо бол гурван игчаа байгаа. Энэ гурвын анхны игчаа-г Төвөдийн судлаач, гүн ухаантан Сэржавзанба гэдэг хүн гаргасан тул "Сэрийн игчаа" гэдэг. Дараагаар нь Төвөдийн гүн ухаантан, их сэтгэгч Банчинсономдагвын гаргасан игчаа бий. "Банчин игчаа" гэдэг. Хамгийн отгон игчаа нь Гүнчинжамьяншадавынх. "Гүнчин игчаа" гэдэг нь тэр. Энэ гурван игчаа Төвөдийн шашны философийн үндсэн гурван их сургууль болох Сэраа, Гандан, Барайвангийн мэдлэг ухааны ширээний ном нь болсон түүхтэй. Тодруулбал Сэраагийнхан Сэржавзанбын игчааг барьдаг. Гандангийн Жанзи дацан, Барайван хийдийн Лосолин дацангууд Банчин игчаагаар хичээл номоо явуулдаг байхад Барайвангийн Гоман дацан Гүнчинжамьяншадавын игчаагаар хичээлээ хийдэг юм.
-Монголд энэ гурван сургуулийн алийг нь барьдаг юм бэ?
-Манай Гандан хийд дээр шашны энэ гурван их сургууль гурвуул байгуулагдсан юм аа. Монголын 2-р Богд Жавзандамба хутагтын үед Гандан хийд дээр Дашчоймпил дацан байгуулагдсан. Дашчоймпил дацан Төвөдийн Гүнчин игчаа-гаар сургалтаа явуулж байгаа. Дараа нь Монголын 4-р Богд Жавзандамбын үед Ганданд Гунгаачойлин дацанг байгуулсан. Гунгаачойлин дацан Банчин игчаа-г барьсан. Хамгийн сүүлд 8-р Богд хааны үед буюу 1912 онд Едга Чойзэнлин дацанг байгуулсан нь сургалт их чанга, Сэрийн игчаа-гаар хичээлээ явуулдаг. Ингэж Төвөдийн 3 игчаа Монголд бий болсон нь номт гурван улс гэж нэрлэгддэг Энэтхэг, Төвд, Монгол улсын оюун ухааны түүхэн дэх нэг том амжилт юм аа.
-Монголчууд төвөд номыг зүгээр авч дагахаас гадна эрдэм ухаанаараа илүү гарч, гүнзгийрүүлэн хөгжүүлсэн гэдэг?
-Монголын шашны оргил үе 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеээр тохиосон байдаг. Энэ үед болсон нэг л сонин явдлыг ярья. 13-р Далай лам Түвдэнжамц Монголд олон морилсон байдаг. Өөрөө лхаарамба цолтой, номд маш их дуртай, Дашчоймпил дацангийн ном хаялцаанд их очдог, төвөд лам нарыг хориглосоор байтал босож ирээд ном хаяад эхэлдэг хүн байсан гэдэг. Уг нь номдоо бол шашны эзэн хүн хамаагүй жирийн ламтай ном хаялцаж болдоггүй юм.
1905 онд Далай лам Их Хүрээнд өвөлжиж. Тэр өвөл Далай лам Гунгаачойлин дацан дээр Халхын Зава Дамдин, Дарав бандида хоёрын гавжийн дамжаанд таарчээ. Далай ламтай хамт байсан төвөдүүд, ялангуяа Минаа Ёндон лхаарамба гэж Төвөддөө хэнийг ч гаргадаггүй лам тэнд ном их хаяж л дээ. Тэгтэл монгол лам нар бүр гартаж өгөхгүй болохоор Далай лам өөрөө босоод ирсэн гэдэг.
"Энэ дор газар та болохгүй ээ" гээд нөгөөдүүл нь хориглосоор байтал бүсээ бүслээд л, хөлсөө гартал ном хаясан байгаа юм. Зава Дамдин гуайн дамжаан дээр Анги Шагдар гуай Далай ламын дагуулж ирсэн Ёндон лхаарамбатай ном хаялцсан гэж байгаа. Анги Шагдар маш сайхан хоолойтой, ном үнэхээр сайн хаяж байсан тул нягтруулд дуугий нь бичиж авчээ. Анги Шагдар бол одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн.
Далай лам босож ирээд төвөд лам нараа "Та нарын Лхасад ханхалзаад байсан ном хаа байна? Энэ Халхын гэвш нарыг хар" гэж загнасан байгаа юм. Дараа нь 1907 онд Төвөддөө буцаж очоод Сэра, Барайвангийн шилдэг гэвш нарыг цуглуулаад Анги Шагдар гуайн бичлэгийг тавин сонсгож. Тэгээд "Энэнд хариулж чадах хүн байна уу" гэхэд хэн нь ч бараагүй гэдэг юм. Ганцхан Дармаа Лочин лхаарамба гэж лам "Би үзээд алдъя" гэж. Дармаа Лочин лхаарамба бол Ганжуур цээжтэй, Ганжуурын 108 ботийг тэр чигээр нь цээжилчихсэн, эрдэмтэй хүн. Далай лам тэр ламыг өргөөндөө залан, даалгавар өгч бэлтгүүлээд 1919 онд Монгол руу илгээж Хүрээний лам нарыг сориулсан байдаг.
-1919 оны тэр явдлыг бас хэлж өгөөч, ямар сонин түүх вэ?
-Тэгэхэд бас л их сонин юм болсон байдаг. Дармаа Лочин лхаарамбыг Хүрээнд ирэхэд Зава Дамдин, Өөлдийн анги Совд, боржигин Жамц, анги Шагдар, нүүрний Цэрэндорж гээд үнэхээр хүн гаргахааргүй мэргэд тэнд байж. Тэр үе бол манай шашны ид оргил хөгжлийн үе юм.
Дармаа Лочин лхаарамбыг бараа бологчидтойгоо ирэхэд Зава Дамдин хүлээн авсан байна. Зава Дамдин гуай анги Шагдар хоёр насаар ойролцоо найзууд байсан юм гэнэ лээ. Тэгээд Зава Дамдин гуай найздаа сонин болгоод Төвөдөөс лхаарамба ирсэн гээд ярьтал анги Шагдар гуай тэсэхгүй "Одоо оръё, ном хаяя" гээд байж."Одоо болохгүй ээ, тугдамаа барих хэрэгтэй" гээд хойшлуулж. Тэгсэн маргааш нь өглөө эрт дахиад ирж. Тэгээд "Одоо оруулаадах" л гэж байна гэнэ. Зава Дамдин "Өнөөдөр бүргэдийн суудлаар суусан байна. Чи бид хоёр хэрэггүй. Дараа болъё" гэж. Тэгэхээр нь анги Шагдар "За би тэгвэл орж нэг тамхилчхаад л гаръя" гээд оржээ. Ороод нэлээн удаж байснаа тас няс буугаад л явлаа гэнэ шүү. Мань хүн тэсэлгүй ном хаячхаж дээ. Ном нь байнга тэгж урсаж явдаг хүн. Тэгсэн, байж байж хөлс нь урсчихсан гараад ирлээ гэнэ. Тэгээд "Чи бид хоёр нэмэр алга. Богд уулыг өшиглөсөнтэй л адил юм байна. Ганжуурын хаанаас ч асуусан цээжээр урсгаад байна. Би лав адис аваад шавь орчихлоо. Чи өөрөө мэдээрэй" гэсэн гэдэг.
Уг нь Зава Дамдин гуай эхэлж орсон бол дийлчихээр байсан юм гэнэ лээ. Сүүлд харин Зава Дамдин гуай Дармаа Лочин лхаарамба хоёр нэг нэгэндээ харилцан шавь орсон юм. Ном тэнцүү, их мэргэд тэгдэг ёс байдаг. Ингээд томчуул нь шавь оронгуут бусад нь дагаад бүгд шавь орсон байна. Дармаа Лочин лхаарамба Хүрээнд байж байгаад 1921 онд Ардын хувьсгал ялахад Марвын лүг (улааны суртал) буулаа гээд холдон явж, Тува орсон түүхтэй. 1922 онд эргэж ирээд удалгүй Төвөд рүүгээ буцжээ.
-Манай Богд Жавзандамба хутагтуудаас хамгийн эрдэмтэй нь гэвэл хэд хэддүгээр Богд байв?
-Мэдээж анхдугаар Богд - Өндөр гэгээн Занабазар. Тэгээд Наймдугаар Богд байна. Наймдугаар Богд бүх Богдуудаас ганцаараа гавжийн дамжаа барьсан хүн. Гайхамшигтай хүн байсан юм шүү. Зөвхөн эрдэм номоороо төдийгүй Монголын төрийн үйлд онцгой гавьяа гаргасан, ач буянтай хүн дээ.
-Далай лам нараас Монголын түүхэнд хамгийн их холбогдох нь хэн хэн бэ?
-5-р Далай лам Агваанлувсанжамцын амьдрал бол Монголын түүхтэй маш их холбогддог. Өндөр гэгээний багш хүн. 6-р Далай лам Цаянжамц бас Монголтой их холбоотой.Тэгээд 7-р Далай лам, сүүлд 13, 14-р Далай лам нар Монголтой холбогддог юм.
5-р Далай ламын үед Төвөдөд их хэцүү юм болсон юм. Дотоодын шашны их хямрал. 5-р Далай лам бол шар малгайтны титмийн ёсыг өөрөөр хэлбэл Богд Зонхавагийн гэлүгбаг барьдаг хүн. Тэр үед Төвөдөд нямавын, сажагийн гээд олон урсгал байлаа. Гаржүдын ёс гэж нямавагийн буюу улааны шашны нэг хэсэг бий. Гаржүдынхан гэлүгвагийнхантайгаа эвдрэлцээд Хөх нуурт тусгайлан хуралдаж. Тэр хуралд Халхын цоохор Цогт хунтайж, Хамын Бэрээ Доёд хаан, гармавын Пунцаг хаан гэсэн нэг монгол, хоёр төвөд хаан хэлэлцээд гэлүгбаг устгаж, гаржүдваг тогтооё гэж тохирчээ. 5-р Далай ламын амь насанд аюул учраад байсан энэ үед Баруун Монголын Гүүш хаан ирж шарын шашны аминд орж, энэ гурван дайсныг нь устгаж өгсөн байдаг. Далай лам үүнд ихэд талархаж Гүүш хааныг Төвөдийн хаанаар өргөмжилж байсан.
-Цогт тайж кино тэгвэл арай өөрөөр үзүүлжээ?
-Ринчен гуай тэр киноны зохиолыг бичихдээ Сүмбэ хамбо Ишбалжирын "Хөх нуурын домог" гэдэг номыг барьсан гэнэ лээ. Үүнийг манай гавж багш ярьдаг байсан юм. Дөчөөд оны үед Ринчен гуай Гандан хийд дээр ирж гавж багш, Иштавхай лам нартай уулзаж, Цогт тайжийн талаар кино хийх санаагаа хэлжээ. Тэр хоёр Сүмба Хамбо-гийн "Цо онбын лоржү" буюу "Хөх нуурын домог" гэж ном байдгийг хэлж, Ринчен гуай тэр номыг тэр хоёроор орчуулуулан киногоо хийсэн гэсэн. Нэг л болохгүй юм кинонд бий дээ. Кинонд соёмбо гараад байдаг. Гэтэл тэр бол соёмбо үсэг зохиогдоогүй байсан үе шүү дээ.
-Багш аа, харь улсад яваа Монголчуудын ихэнх нь тодорхой шалтгаанаар эх нутагтаа очиж чадахгүй болчихсон байдаг. Гэтэл эзгүй ард нь хагацал өнчрөл гарах тохиолдол олон. Ийм үед л хүн бурхан шашнаа илүүтэй санадаг юм байна. Бурхан болоочийнхоо араас хэрхэн буян хийвэл зохистой вэ?
-Ер нь нийт хүнд цэ, сод, шийрав гэж гурван чухал юм байдаг гэдэг. Цэ нь Цэрэн гэдгийн цэ, "нас" гэсэн үг. Сод бол Содном гэдгийн сод,"буян" гэсэн үг. Шийрав бол Шарав буюу "Билиг ухаан" гэсэн үг. Энэ гурав л тэгширч байх ёстой юм. Жишээ нь их ухаантай хүн байлаа гэхэд нас богинотой бол яах вэ, нас урт, ухаантай ч гэлээ буян хураахгүй бол ямар хэрэг байх сан билээ. Тэгэхээр энэ гурваа сайн бодож, өөрсдөө хичээхээс гадна эднийг хариуцсан бурхан шүтээнээ тахиж явах хэрэгтэй юм.
Насны бурхан бол Цагаан Дар эх, Аюуш бурхан. Буян хураана гэвэл гурван зүйлээр хураана. Бие, хэл, сэтгэл гурваар нүгэл үл үйлдэн, буянтай сайхан сэтгэлийн үүднээс аливааг хийх хэрэгтэй. Анх эхлэн үйлдэхдээ л ариун цагаан сэтгэлээр буяны төлөө гэж бодон хийвээс тэр нь буян болдог гэдэг. Шарав буюу оюун ухааны бурхан бол Манзушир,Янжинлхам. Эрүүл энх явахад Оточ Манал бурханыг шүтдэг.
За тэгээд хүний л хорвоо болсон хойно үхэл хагацал хаа ч хэзээ ч тохиолдоно. Ийм үед манай шашинд бол жамба нинж-ийг чухалчилдаг юм. Манайд чинь Буддын шашны Махаяна буюу Их Хөлгөний урсгал нь дэлгэрсэн газар шүү дээ. Жамба гэдэг нь "асрангуйн сэтгэл", нинж гэдэг нь "нигүүлсэнгүйн сэтгэл". Эх болсон зургаан зүйл амьтан зовлонгоос ангижраасай, эх болсон зургаан зүйл амьтан амгалан жаргалтай яваасай гэж бодож залбирч явах нь жамба нинж юм. Хар амиа л огт бодож болохгүй гэж Махаянад үздэг. Энэ зовлонгоор л хамаг амьтны хагацал дуусаасай гэж бодож нэгэндээ тусалж явбаас өөрт ч тэр, өөр ертөнцөд одсон нэгэндээ ч тэр буян хураана.
Тэгээд харь газар тэр бүр хурдан ном уншуулж чаддаггүй байх. Манай Гандан хийд интэрнэтэд хуудастай болсон. Тэрүүгээр захиалж болно. Монгол руу ярьж хэлээд ном уншуулах болбол аливаа хүний хойтохын буянд "Авдийнчог" гэж ном уншдаг. Сүнсийг нь дээд диваажингийн оронд төрөөсэй гэж уншиж буй ном. "Зургаан ерөөл" гэж ном бас уншдаг. Хойт насандаа сайн сайхан яваасай гэж ерөөж уншиж байгаа ном.
-Сонин сайхан, бас олонд хэрэгтэй зүйл ярьж өгсөн танд баярлалаа.
2004 оны 10 сарын 17.
М.Саруул-Эрдэнэ