Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.
-Түгжрэлийн асуудал нь зөвхөн олон машинаас болдоггүй байх. Үүнд юу нөлөөлж байна вэ. Мөн энэ талаар хийсэн судалгаагаа танилцуулахгүй юу?
-Түгжрэл бууруулах нь өргөс авахтай адил амар ажил биш. Зөвхөн олон машин, дэд бүтэц замын асуудлаас болж түгжрэл үүсэж байна гэж ойлгож болохгүй. Түгжрэлд нөлөөлж буй олон хүчин зүйл бий.
Монгол Улс даяар иргэд аймгийн төв рүү, аймгийн төвөөс хот руу ажлын байрын асуудал болон боловсрол эзэмшихээр шилжиж байна. Улаанбаатар хотод жилд 40 мянган хүн нүүж ирдэг бас 40 мянган хүүхэд шинээр төрдөг. Тэгэхээр хотын хүн ам жилдээ 80 мянгаар өсөж байна. Арван жилийн дараа 800 мянгаар өссөн байна гэсэн үг. Улаанбаатар хот шугам сүлжээ, дулаан, бохир цэвэр ус, замын сүлжээ нь өөрийн гэсэн хүчин чадал, даацтай. Одоогийн байдлаар бүх хүчин чадал давсан.
Хотыг анх төлөвлөхдөө 500-600 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн. Гэтэл одоо гурав дахин их хүн амьдардаг. Ингэж гурав дахин ихсэхдээ хотоороо тэлээгүй. Зүгээр л хотод нүүж ирээд уулын аманд буугаад хүчээр цахилгаан, ус, дулаан татдаг. Гэтэл хот төлөвлөлт гэдэг бодлоготой, төлөвлөгөөтэй, судалгаатай. Хүчээр нүүж ирчихээд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна, би дуртай газраа амьдарна гэдэг. Тэгэхээр манай хууль эрх зүйн орчинд асуудал байна, иргэдийн үүрэг хариуцлагад ч асуудал байна.
Хот нэг төвтэй болсон. Их тойруу дотор дийлэнх ажлын байр, сургууль, цэцэрлэг байрлаж байна. Их тойрууд 279 сургууль, цэцэрлэг бий. Тийшээгээ хүүхдүүдээ хүргэж өгөх, авах ачаалал өндөр.
Улаанбаатар хотын төлөвлөлт нь зогсоолгүй, байшин хоорондын зай ойр, ногоон байгууламжгүй. Барилга, хот байгуулалтын яамны дэргэд Барилга хөгжлийн төв гэж бий. Тус төвд хот тосгоныг төлөвлөх дүрэм байдаг. Энэ нь 2004 оных, хуучирчихсан. 2004 оноос хойш хотын хүн ам 800 орчим мянгаар нэмэгдсэн, маш их барилга баригдсан. Ийм хуучин дүрмээс барилга байгууламжийн ажлын зураг хийдэг. Энэ дүрмээр зогсоолгүй байшин барих эрхийг олгоод байна. Энэ дүрмийн дагуу хийсэн ажлын зургийг батлахгүй гэхээр АТГ-т өгч шалгуулдаг. Уялдаа холбоо, бодлогын бичиг баримт маш хуучирчихсан, шинэчлэгдэхгүй байгаагаас ийм үр дүн гарч байна.
Улаанбаатар хотын замын сүлжээ нэмэгдэж байгаа. Гэхдээ нэмэгдэхдээ дандаа хоёр эгнээ, гэр хорооллын дундуур явсан замууд. Хоёр эгнээ зам хөдөлгөөний ачаалал авдаггүй, тухайн бүс нутаг дээр л ажилладаг.
Онолын загварчлалд артерийн замууд гэж бий. Ийм зам шулуун, 40-60 км/ц хурдтай, нэг цэгээс нөгөө цэг рүү явахад зориулагдсан. Манайд артерийн зам маш цөөн. 1970 оноос хойш нэг ч артерын зам нэмээгүй. Өнгөрсөн хугацаанд Яармагийн зам, Налайхын замын шинэчилсэн. Энхтайваны өргөн чөлөөгөөр өдөртөө 700 мянган машин явж байна.
Хотын замыг төмөр замаар, Туул голоор, Сэлбэ голоор тасддаг. Яармаг гэх аралтай ганцхан Яармагийн гүүрээр холбогддог учир хамгийн их түгжирч байна. Яармагийн гүүрнээс Өмнөговь, Дундговь, Төв аймаг, Био, Сонгино, Нисэхийн хүмүүстэй нийлээд асар их хөдөлгөөн хотын төв рүү орж ирдэг. Яармагийн түгжрэлийн индекс 5.3 болсон. Энхтайваны өргөн чөлөө 2.3. Яармагийн түгжрэл хоёр дахин өндөр. Дээрээс нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг цөөн байдгаас хотын төв рүү ирэх хөдөлгөөн нэмэгдэж байна.
Нийтийн тээвэр хөгжих ямар ч боломжгүй. Адилхан түгжирч байгаа автобусанд түгжрээд явах уу, өөрийнхөө машинд тухтай суугаад явах уу гэвэл хүн өөрийнхөө машинд суух сонголт хийнэ. Нийтийн тээвэр уналтынхаа хамгийн доод цэгт ирсэн. Хотын иргэдийн 92 хувиас нийтийн тээвэр маш муу гэсэн үнэлгээ авсан.
-Бодит нөхцөл байдал ийм байна. Ирэх онуудад энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд юу юу хийх вэ?
-Түгжрэлийг өргөс авсан юм шиг шийдэх арга бол хязгаарлалтын зохицуулалт. Иргэд машины дугаарыг тэгш, сондгойгоор явуулахыг дэмждэггүй. Гэхдээ сүүлийн үед дэмжиж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тэгш, сондгойгоор хязгаарлах нь хүндрэлтэй нөхцлүүдийг үүсгэнэ.
Тиймээс нэгд, түгжрэлийг арилгахад автобус, нийтийн тээврээ явуулах замын сүлжээг нэмнэ. Энэ хүрээнд Нарны замыг есөн км сунгаж, зургаан эгнээтэй болгоно. Гуравдугаар хорооллын эцсийг Толгойттой холбоно. Ингэснээр Толгойтоос Амгалан хүртэлх хойд хэвтээ чиглэлийн зам иж бүрэн болно.
Улаанбаатар хотод 1800 км гүүр хэрэгтэй. Бүх зураг төслүүд хийгдээд дууссан. Нэрлэвэл, Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгоно. Яармагийн замыг ТЭЦ IV-ийн зам, Энхтайваны өргөн чөлөөтэй гүүрээр холбоно. Улиастай гол дээр гүүр барина. Сэлбэ гол дээгүүр гүүр барина. Хот даяар төмөр зам доогуур гарах дөрвөн гарц нэмэгдэнэ.
Хоёрт, нийтийн тээврийг хөгжүүлнэ. Түгжрэлээс гарах цорын ганц арга бол хотын захаас орж ирж буй хөдөлгөөнийг хурдтай оруулж ирэх. Автобуснууд нэг цагт 3000-5000 хүнийг зөөх хүчин чадалтай. Гэтэл гол шугамуудаар нэг цагт 10-15 мянга хүрч эхэлж байна.
Үе үеийн Засгийн газар метро барья гэсэн ч амжилт олоогүй. Одоо хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тооцоог хийж, урьдчилсан ТЭЗҮ гарч дуусаж байна. Улаанбаатар хотод үүнийг хэрэгжүүлэх боломжтой, үйл ажиллагааны зардал хямд. Нэгэнт том хөрөнгө оруулалт хийж байгаа учир алдаа багатай хийх ёстой. Хөнгөн галт тэрэг нь 3-5 минутын зайтай зорчдог тээврийн хэрэгсэл. Үүнийг гүүрэн байгууламжаар нь хийвэл тохиромжтой. Хөнгөн галт тэрэг нэвтрүүлснээр хотод шинэ соёл гарах байх. Хотын хөдөлгөөнд заавал түгжрэхгүйгээр хурдан хотын төв рүү орж ирэх боломж нээгдэнэ. Чиглэл нь Яармагаас, Зунжингаас, Толгойтоос хотын төв рүү орж ирдэг байна.
-Зогсоолын асуудал их бий. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөц харвал бид бүгдээрээ нэг нэг машин аваад дотор нь ганцаараа суугаад яваад байна. Улаанбаатар хотод хүмүүс ажилдаа орохдоо машинаа өдөржингөө нэг газар орхичихоод орой нь буцаад явдаг. АНУ-ын зарим мужид ажилдаа машин унадаг бол автомашины татвар хоёр дахин өндөр. Харин манайд зохицуулалт байхгүй. Зогсоолуудыг эрэмбэлж, стандарттай болгох ёстой. Тэгэхээр зогсоолуудыг төлбөржүүлнэ. Зогсоолын төлбөр хоёр дахин нэмэгдэхэд түгжрэл 13 хувиар, гурав дахин нэмэгдэхэд 26 хувиар буурдаг. Машин унана гэдэг бол хүний эрх гэхээсээ илүү хариуцлага. Хүн машин явж буй замын хураамж, хөдөлгөөний аюулгүй байдлын хариуцлага, агаарын бохирдлын хариуцлага хүлээх ёстой. Одоо энэ хариуцлагууд нь багадаад байгаа учраас зохицуулалт нь өөр болно.
Иргэд замаа сайн барь, нүхэн гарц, гүүр барь гэдэг. Хаанаас санхүүжиж барих юм бэ гэхээр та нар улсаас их мөнгө идэж байгаа гэдэг. Ер нь улсын мөнгө гэж байхгүй, нийслэлийн мөнгө ч гэж байхгүй. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж л байна. Тэгэхээр зарим нь нэг хүний төлсөн татвараар зам барина гэдэг нь хариуцлагагүй үйлдэл. Замын сан Улаанбаатар хотын 700 мянган машиныг явуулах боломжтой зам барих мөнгө хуримтлуулдаггүй.
Хотод автомашин нэг км явах төлбөр дөрвөн төгрөг байна. Дэлхийн улсуудтай харьцуулахад хамгийн доод үнээс нь 12 дахин хямд үнэ. Японд гэхэд 898 төгрөг байдаг. Замын санд оруулж буй мөнгөөр замын тэмдэглэгээ, шинэ зам барьдаг. Зам дээр явж буй гаргаж буй татвараар зам янзалдаг. Тэрнээс биш хаа байсан газар тариалан эрхлээд татвараа төлсөн хөрөнгөөр барьдаггүй.
-Ирэх онд Төсвийн тухай хуулийн хүрээнд нийслэл орлогоо түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Үүнийг хэрхэн зарцуулах вэ?
-Энэ хөрөнгө оруулалтаар нийтийн тээвэр шинэчлэл, дэд төвүүдийг газаржуулах, шинээр барих гүүрэн байгууламж, нүхэн гарц зэргийг цогцоор нь хийнэ. Энэ нь ганц энэ жилээр тогтохгүй.
-Дүүжин тээвэр барина гэсэн ч ажил нь эхэлсэн ч үгүй. Яагаад эхэлсэнгүй вэ?
-“Ковид 19”-ийн улмаас гадаадын мэргэжилтнүүд нь ирж чадаагүй. Саяхан ирээд ажилдаа орсон. Дүүжин тээвэр гэдэг машин явах боломжгүй газруудад тавьдаг тээврийн хэрэгсэл. Замын цагдаагийн гүүрэнд явган хүний зам байхгүй. Хийгдэж байгаа ч явахад төвөгтэй. Тиймээс одоо дүүжин тээврийн чиглэлийг нь өөрчилж байгаа. Ингэхдээ, Централ тауэраас Шангри-Ла, Хан-Уулын И-Март, цаашаа Ривер гарден гэсэн чиглэлтэй болно. Энэ чиглэл нь төмөр зам болоод гол давж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ зээл авч түгжрэлийн асуудалд зарцуулахаар болсон. Үүнийг дэлгэрүүлбэл?
-Дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын гэрлэн дохио хуучирсан. 12 жилийн өмнөх компьютерын сервер, эд анги, сэлбэг нь олдохгүй хэзээ мөдгүй ачааллаа даахгүй унтрахад бэлэн байгаа. Улаанбаатар хот гэрлэн дохиогүй болох эрсдэлтэй байна. Эхний ээлжид гэрлэн дохиог шинэчилнэ. Мөн Нарны замыг хоёр тийш нь 9 км сунгах ажлыг хийнэ.
-Хоёулаа түгжрэлийн шийдлүүдийг ярилаа. Энэ бүгдийг яг хэзээ хийж дуусгах вэ?
-Цогц арга хэмжээ учир хугацаа шаардлагатай. Ямар нэг гэнэтийн эрсдэл тулгарахгүй бол 2024 он гэхэд түгжрэлийг 50 орчим хувиар буулгах боломжтой. Тээвэр, ложистик, инфляцын асуудлаас болж хүндрэл үүсэх эрсдэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn