УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Та Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бараг жилийн дараа хэлэлцэх эсэх нь шийдэгдлээ. Хэлэлцэгдэхгүй яагаад ингэж удав?
-Сөрөг хүчний зүгээс УИХ-ын чуулганаар хууль батлуулна гэдэг маш хүнд. 2016 оноос хойших хугацаанд сөрөг хүчний санаачлан батлуулсан хууль хоёрхон байдаг. Нэг дэх нь, энэ оны эхэнд батлуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль. Хоёр дахь хуулийг ярианы богино нэршлээр нь хэлбэл, хуурамч шатахууны хууль (Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль). Үүнийг энэ оны зургадугаар сард батлуулсан. МАН-ын хэт олонх байгаа энэ үед сөрөг хүчний гишүүд санаачилсан хуулиа парламентаар дэмжүүлнэ, батлуулна гэдэг бол маш хүнд даваа. Тиймээс үе шаттай явж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сард өргөн барьсан. Жилийн дараа энэ хуулийг парламентаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ингэхдээ тодорхой хэмжээгээр МАН-ын бүлэгтэй нэгдсэн байр сууринд хүрч ойлголцсон. Энэхүү хуулийг энэ удаа дэмжээд хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнийхээ дараа Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаж хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
2016 онд МАН олонх болж Засгийн газраа байгуулсан. Ингээд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Үүнийхээ хүрээнд эдийн засаг болоод санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. 2018 ОУВС-гийн хөтөлбөрөөсөө Засгийн газар гарсан. Иймээс эдийн засгийн арга хэмжээгээ өөрөөр шийдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ нэг зүйлийг орхигдуулсан нь ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг долоон жилийн цалингийн дунджаар тогтоох асуудал. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсан учраас ахмадуудыг илүү өндөр хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжийг олгох үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьсан.
-Хэдийгээр тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ч өнөөгийн түвшинд НДС-гийн санхүүгийн нөөц боломж хүнд байна. Энэ хууль батлагдвал хэр хэмжээний төсөв шаардагдах бол?
-Манай үе үеийн Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн менежмэнтийн үйл ажиллагааг буруу явуулж ирсэн. Европын хүн амын насжилт өндөр байдаг. Ажил хийж байгаа хоёр хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байгаа. Харин манай улсын хувьд ажил хийж байгаа 10 хүн тутамд гурван тэтгэвэр авагч ногдож байна. Гэтэл европын нийгмийн даатгалын сан ямар ч асуудал, хэл амгүй ажиллаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр тэнд тэтгэврийн сангийнхаа үйл ажиллагааг зөв менежмэнтээр удирдаж байна гэсэн үг. Манайхан ийм өндөр хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэрнээ цөөхөн ахмадуудынхаа тэтгэврийг өгч чадахгүй байна гэдэг нь Нийгмийн даатгалын санд хайхрамжгүй хандсаны нэг илрэл. Ер нь бол Япон, Солонгос, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийнхаа хөрөнгийг үр ашигтай байлгах үүднээс хувьцаа авах, эсвэл үр ашигтай бизнес, том хөтөлбөрт хөрөнгө оруулдаг. Гэтэл бид үйл ажиллагаа нь доголдсон банкинд хадгалуулаад алдаж байх жишээний. Энэ бол бидний менежмэнт буруу явж байгааг илтгэсэн тод жишээ.
Гэхдээ энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийн буруу биш. Зарим нь 40, 30 жил хамгийн багадаа гэхэд л 20 жил нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн өндөр хувиар шударгаар төлсөн. Тэд ирээдүйд үүнийхээ үр шимээр тэтгэвэр авна даа гэсэн итгэл үнэмшлээрээ төлж ирсэн учраас төлсөн шимтгэлийнхээ дагуу тэтгэврээ авах ёстой. Гэхдээ тэтгэврийг бага өгөх замаар асуудлыг шийдэж байна гэдэг нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Энэ хууль хэрэгжсэнээр зарцуулах төсөв нь хамгийн ихдээ Богд Зонхов хөшөөг барих төсвийн тал мөнгө л тэтгэвэрт гарч байгаа хүмүүст зарцуулагдана. Тийм их зардал гарахгүй. Манай улсын төсөв санхүү тэлсэн. 16 тэрбум төгрөг гэдэг бол Нийгмийн даатгалын сангийн хувьд ч тэр, Монгол Улсын төсвийн хувьд ч тэр тийм ч их мөнгө биш.
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх зүйн орчныг хумьж Засгийн газарт өгсөн. Гэтэл одоо бас парламентын зарим гишүүд өөрсдийнхөө тодорхой эрхийг Засгийн газарт өгөхийг дэмжиж байна. Ковидын хуулийг сунгах шаардлага нийгэмд үнэхээр байгаа юм уу?
-Дэлхийн бүх л улс орон эдийн засгаа дэмжих, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах гэж явж байна. Үүнийхээ хүрээнд аж ахуйн нэгжээ дэмжиж, эрүүл мэндийнхээ салбарт тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа. Ковидын хуулиар УИХ-аас Засгийн газарт гол том эрхээ өгсөн. Миний хувьд энэ хуулийг эсэргүүцэх гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрх нь, Ковидын хуулиар батлагдсан улсын төсвийн зардлын хүрээнд дотор нь зардал шилжүүлэх замаар хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт өгсөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн газар тодорхой хэмжээгээр зардлаа хэтрүүлсэн. Үүнийгээ улсын төсвийн тодотголоор зассан. Парламентаас баталсан улсын төсвийн зардлыг хэтрүүлэхгүй байх ёстой. Хоёрдугаарх нь, төрийн албан хаагчийг шууд томилж байгаа. Энэ бол өөрсдийнхөө цүнх баригч, эсвэл сонгуульд нь явсан хүн, хамаатан садангаа тавих өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалтыг давах чадваргүй хүмүүсийг энэ хуулиар төрд авч байна. Түүнчлэн чадваргүй мэргэжилтнүүдийг дэвшүүлж газар, хэлтсийн дарга болгож байна. Төрийн албаны үнэлэмжийг ингэж багасгаж байна. Төрийн албаны мерит зарчмыг байхгүй болгож байна. Тиймээс төрийн албан хаагчийг шууд томилсон тушаалаа хүчингүй болгох, мөн энэ заалтыг оруулахгүй байхыг шаардаж байгаа. Гуравдугаарх нь, энэ хуулиар далимдуулж төрийн өмчит томоохон компаниуд тендер шалгаруулахгүйгээр шууд худалдан авалт хийж байна. Компаниудын захирлууд өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүст янз бүрийн тендерийг шууд гэрээгээр өгч байна. Энэ бол төрийн өмчийг шууд завших боломжийг олгож байгаа хэрэг.
Тиймээс энэ заалтыг авч хаях хэрэгтэй. Ингэвэл Ковидын хуулийг дэмжихэд болохгүй зүйл байхгүй. Логистикийн хямрал үүссэн, үнийн өсөлт бий болчихсон энэ үед Засгийн газар тодорхой хэмжээгээр эрх авч, үүнийхээ дагуу ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй үйл ажиллагааг явуулах, эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр тодорхой хэмжээнд байндаа тусаж байна. Нааштай энэхүү үйл ажиллагааг явуулахад би эсрэгүүцэхгүй байгаа.
-Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг шоронд хийчихлээ. АН-ынхны зүгээс шударга шүүх болсонгүй. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг мохоох гэсэн үйлдэл гэж байсан. Та ардчиллынхаа алтан хараацайг өмгөөлж юу хэлэх вэ?
-Би Э.Бат-Үүл баатрыг ямар нэгэн хувийн ашиг сонирхол ерөөсөө гаргадаггүй хүн гэж ойлгодог. Тэр хүнд тийм их өмч хөрөнгө байхгүй. Байгаа ч үгүй. Тэр хүн өнгөрсөн хугацаанд хувьдаа хөрөнгөтэй болохын төлөө явж байгаагүй. Тиймээс тэр хүний итгэл үнэмшил, шударга ёсны төлөөх тэмцэлд би итгэдэг. Хувь хүнийхээ хувьд ямар ч асуудал гаргаагүй гэж би ойлгож байгаа. Гэхдээ би шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт гаргах эрхгүй. Юунд үндэслэж, яаж шийдсэнийг би мэдэхгүй байна. Ер нь Ковидын хуулиар далимдуулж иргэдийн эрх, эрх чөлөөг хасах, халдах асуудал гарч байгаа. Ардчилал, шударга ёс, хувь хүний эрх чөлөөний төлөө бүгдээрээ зүтгэж байгаагийн хувьд эрх баригчид ч тэр, хууль хүчний байгууллагууд, шүүхийн байгууллага ч тэр хамтдаа зүтгэх ёстой.
-Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн. Хэдийгээр таныг анх сонгогдоход МАН УИХ-д олонх, Засгийн эрхийг барьж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн институци бие даасан байгууллага гэлээ Ерөнхийлөгч эрх барьж байгаа намаас гарлаа. Ингээд төрийн эрх барих байгууллагууд МАН-д төвлөрч байна. Нэг нам хэт олонх болсон энэ нөхцөлд танд юу мэдрэгдэж байна. Наанадаж л Ковидын хуулиар гишүүдийн үг хэлэх хугацааг богиносгосон?
-Засаглал хэт нэг талд гарах асуудалтай юм байна гэдэг нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас мэдрэгдэж байна. 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед энэ МАН-д маш хүндээр мэдрэгдсэн байх. Хэт олонх болсон тухайн үед бидэнд нийгмийн болоод хууль, шүүхийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Тэр үедээ шүүхийн, хууль хүчний байгууллагын шинэчлэлийн ажлыг бүрэн хийгээгүйнхээ үйлийг өнөөдөр бид эдэлж явна. Тийм ч учраас манай намын бүртгэлийн асуудал шүүх дээр очоод шийдэгддэггүй, хоёр талд хуваагдсан хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, 2010 онд МАН-ыг хуваасан үйлийнхээ үрийг ах нарынхаа буянаар эдлээд явж байна. МАН-ын болон МАХН-ын явсан сургамжит зам бидэнд байна. Хэдэн жилийн дараа яаж нөлөөлөв гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын алдсан алдаа бидний нүдэнд ил байна. Тиймээс тэр алдааг давтахгүй урагшлах боломж манай намын залуучуудад байгаа. Үүнийг ашиглахгүй өөр өөрсдийн амбицыг хөөвөл МАН, МАХН-ын хуваагдсан алдааг бид дахиад давтана.
Эх сурвалж: Өдрийн сонин