“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсөвт орсон анхаарал татах нэг сэдэв бол Ирээдүйн өв сан байгаа. Наад зах нь 30 жилийн хугацаанд санг арвижуулна гэж хууль баталчихаад дөрвөн жилийн дараа өөрчилчихлөө. Байгалийн баялгийн үр шимийг ирээдүйдээ хадгална гэчихээд буцаж байгаа үйлдэлд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Ашигт малтмалын экспортоос тодорхой хэмжээний нөөц хуримтлуулж дараагийн үедээ зориулсан сан үүсгэе гэсэн санаан дээр нэгдэж төр засаг шийдвэрлэж байсан. Үүнийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудаар жишээ авч, манай Засгийн газар, УИХ-ын гишүүд, эрх баригчид маш олон удаа, ялангуяа Норвеги руу айлчилж тэндээс туршлага судалж, хэд хэдэн удаа хүмүүс урьж байсан удаатай. Энэ сан уг нь их энгийн. Айл өрх өөрийнхөө төсөв, орлогыг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж, тодорхой хэсгийг нь хуримтлал үүсгэж хадгаламжиндаа хийдэгтэй адилхан. Бид ядуу улс, тийм боломж бололцоо байхгүй гэж тайлбарлах нэг хэсэг нь байхад бодит амьдрал дээр тийм боломж бололцоо ямар их байгааг энэ их үрэлгэн төсөв, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтуудаасаа бэлээхэн харж байна шүү дээ. Наад зах нь бид нар ямар их хэрэгцээгүй, өндөр үнэтэй пантом барьж байгаа билээ. Богд Зонхов гээд 32 тэрбумаар дуулиан тарилаа. Сүүлдээ энэ чинь энгийн үзэгдэл болчихлоо. Байнгын ийм үзэгдэл иргэдийг ч дөжрүүлж байна. Иргэд ингэснээрээ төр засагт итгэх итгэл нь улам байхгүй болж байдаг. Төр засгийн өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлыг та бид бүгд мэдэж байгаа. Засгийн газрын дундаж наслалт 1.3 жил гэсэн статистик байдаг. Ийм богино хугацаанд яаруу сандруу орж ирж байгаа хүн бол мэдээж ирээдүйгээ 10 жилээр төлөвлөхгүй. Түүнийг яаж ч “Алсын хараа 2050 он” гэж бичээд хэрэгжилт нь явахгүй байгааг амьдаар харж байна. Ямар ч Засгийн газрын тэргүүн үүнийг хийх гэхээр нөгөө талд нь байгаа олонх нөгөөхөө огцруулах, олонхынхоо хэлбэрээр Үндсэн хуульд олгогдсон нөхцөл байдлынхаа дагуу эрх мэдлийг нь авах сонирхолтой. Оршин тогтнож, тэр эрх мэдлээ алдахгүйн тулд нөгөө сонгуулийн тогтолцооны дагуу жижигхэн олон бутархай, мажоритор, жалга дов руу бүгдээр нь нийтийн дундаас бүрддэг төсвийн хөрөнгийг тарамдаж цацдаг. Уг нь Ирээдүйн өв сан манайх шиг ийм улсад гарцаагүй байх ёстой. Гэтэл манай эрх баригчдад ирээдүйн өв сан чухал биш олон нийтийг аргалж зальдах, хуурах зорилгоор хүүхдийн мөнгө, хадгаламж гэж хувиргах гэж оролдож байна.
Нөгөө л ярих дуртай Норвеги ч байна уу, уул уурхайгаа амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудад энэ бол заавал байдаг хуримтлал. Уул уурхайгүй улс орнууд хүртэл хуримтлалаа бий болгодог. Энэ бүх юмыг бид нар хийж явах ёстой юм. Харамсалтай нь ирээдүйн өв хөрөнгө сан байтугай ирээдүйн үр хүүхэд ач гучийнхаа олж болох боломжийг бүгдийг нь идээд, зээл тавиад явж байгааг бодит эдийн засгийн үзүүлэлтүүд харуулж байна шүү дээ.
-Та Засгийн газрын өрийг хэлж байна уу?
-2016 онд Засаг авсан нам юу амлаж байлаа. Энэ бүх өрийг дарна гэсэн шүү дээ. Гэтэл өр маань багассан уу, өссөн үү гэдгийг бага сургууль төгссөн хүн ч тооцож чадна. Үе, үеийн Сангийн яам, Монголбанк нь өр буураад байна гэж яриад байдаг. Гэтэл эцсийн дүнд өр өсч байгааг бүгд харж байгаа. Тэгэхээр ард иргэдээ ийм мунхаг тэнэг юм шиг харьцдаг удирдлага байгаад харамсалтай байна. Мэдээж үүнийг зохицуулна гэхээр нэг хүнээс хамаарсан биш, бүхэл бүтэн нам, намын олон гишүүдийн эсрэг талд нэг хүн өөрчилнө гэдэг аль ч Ерөнхий сайдад хэцүү. Үүнийг ойлгож байна. Түүнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ үүнийг нэгэнтээ эрх барьж байгаа намыг толгойлж байгаа, Засгийн газрын тэргүүлж байгаа бол эмх цэгцэнд нь оруулах ёстой. Энэ бол аль ч Засаг төрийн үеийнхэн, намын даргынх нь хийх ёстой амласан амлалт. Үүнийг биелүүлэхгүй байгаа бол өнөөдөр ардчилсан улс орны онцлогоор түүнийг үгүйсгэж байгаа, буруу жишгээр төсвийн хөрөнгийг барилга хөшөөнд зарцуулах гэж суулгаж байгаа гишүүдээ олон нийтэд ил тод зарла. Ингэж олон нийт тэд нарт хариуцлага тооцдог байх ёстой.
-Баялгийн санг амжилттай удирдаж байгаа улс орнууд ямар нөхцөлтэй ажилладаг юм бол. Манайд бол багагүй хөрөнгө төвлөрч эхлээд л гар дүрчихлээ?
-Ирээдүйн өв сан гэдэг нэгдүгээрт гар дүрэх боломжгүй мөнгө байх ёстой. Өвчин эмгэг, цар тахалд зориулах Эрсдэлийн сан гэж бий. Манай улсын орлого уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаардаг. Гэтэл төсвөө дандаа дээд боломжинд нь хийдэг. Төсөвт алдагдал үүсэнгүүт ханш, татвараар нөхөх гэж явсаар эдийн засгийн зөв голдирол алдагддаг.
Хамгийн их яригдаж байгаа жишээг харахад урьд өмнө нь магадгүй нэг хөшөө, ач холбогдол багатай барилга байгууламжийн босдог үнийг дараа жил, тэрний дараа жил нь төсөв дээр өсгөөд тавьчихдаг. Түүнийгээ инфляциар тайлбарлачихна. Уг нь манай улсад инфляци харьцангуй тогтвортой байх боломжтой. Хамгийн гол нь эсрэгээр нь хулгайн эдийн засгаа эрс шийдэмгий зогсоож ард иргэдийн гар дээр авдаг цалин мөнгө бодит зах зээлийнхээ эдийн засгийн түвшинд хүрэх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь хямд зардаг биш, анхан болон дунд шатны боловсруулалтуудаа хийж нэмүү өртөг үүсгэн, ажлын байр бий болгож эдийн засагтаа тэлэлт үүсгэмээр байна. Хэмнэсэн мөнгөнөөсөө эхний ээлжинд ирээдүйн өв сан гэхээс илүү өр төлбөрөө төлж барагдуулах хэрэгтэй. Утгагүй хөшөө, найр наадам, шаардлагагүй бүх зардлуудаа хасах ёстой. Дарга нар хүртэл автобусаар зорчдог болоход хэмнэлт шүү дээ. Дарга нар машинд суух ёстой гэсэн заалт Үндсэн хуулинд байхгүй. Энэ бол ядуу улсад байх ёсгүй зардал.
-Үрэлгэн төсвөө баталчихлаа. Үүнийг зогсоох улс төрийн эр зориг хэн нэгэн улстөрчөөс гарсангүй?
-Нэг талдаа мэдлэг мэдээлэл болон ойрын зайны тоглолттой улстөрчид байгаад байна. Дунд нь нэг, хоёр эрүүл сэтгэж, түүнийг өөрчилье гэсэн сэтгэлтэй, бодолтой улстөрчид байгаа ч эсрэг талынхаа балансыг олж чадахгүй байна. Түүндээ барьцаалагдчихаад эргээд тэд нартаа найр тавьж өгч байгаа нөхцөл байдал харагдаж байна.
-Тийм улстөрчийг нэрлээч?
-”Алсын хараа 2050” гээд бичсэн эрх баригч намын дарга, Ерөнхий сайд байна шүү дээ. Энэ хүн гудамжнаас гарч ирсэн нь үнэн. Ард иргэдийн шударга ёс, эрх тэгш боломж алдагджээ, үүнийг бий болгоё гэж гарч ирсэн. Үүнийг нь олон нийт дэмжиж уухайлж гаргаж ирсэн. Энэ хүний бодол нь ярьж байгаа шигээ байж магадгүй. Гэхдээ үйлдэл нь тэгж гарч ирж чадахгүй байна. Өнөөдөр өөрөө мэдэхгүйгээр өөр гишүүд Богд Зонховын хөшөөг 32 тэрбумаар төсөвт суулгаад явж байна. Цар тахлын үед ийм нөхцөл байдлыг нь мэдэхгүйгээр өөрийг нь огцуруулах чадвартай олонхууд тулгалтуудаа хийж байгаа дүр зураг бас харагдаж байна. Гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа энэ хүний мэдлэг боловсрол, гарал үүсэл ярихаас илүү манай улс төрд байгаа хүчний балансыг тооцож анхаарах ёстой. Үүн дээр удирдагч хүн бол зоригтойгоор ард иргэд, олон нийттэйгээ нийлж ажиллах ёстой. Үнэхээр бодож ярьж байгаа зүйлийнх нь эсрэг олонх нь тоглолт хийж барьцаалж байгаа бол олон нийттэйгээ нийлж байж хүч орно.
Нөгөө талдаа манай нийгэм үүнд маш буруутай. Олон нийт, иргэний нийгэм маань дэндүү хүлцэнгүй байна. Манайхаас өндөр хөгжилтэй улс орон жилдээ жижиг жижиг асуудал дээр, бүр бэлгийн цөөнхийн асуудалд хүртэл хэдэн зуун мянгаараа жагсаж, төр засгаа эсэргүүцдэг. Үнэ тариф тав, 10 центээр өсөхөд л жагсдаг. Хуулинд жаахан өөрчлөлт орсны төлөө ард түмэн нь эвлэлдэн нэгдээд эсэргүүцээд залруулж чаддаг. Хөгжсөн том улс гүрнүүд жилд тав зургаан удаа том жагсаал хийж байхад манайх шиг дампуу, худалч улстөрчидтэй, 30 жил хууртаж байгаа нийгэмд өнгөрсөн хугацаанд дөрөв, тавхан удаа л жагслаа. Нөгөө талд нь манай нийгмийн хариуцлагагүй сонголт бас бий. Ахуй амьралаараа сонголт хийчихнэ. Хүнийг харагдах өнцөг байдал дээр, гоё ярьж, гоё монгол дээл өмсчихсөн, хазгай шлёп тавьчихсан, “Монгол ялна” гэчихээр эмордог. Тэр эморолдоо өөрсдийнхөө итгэл үнэмшлийг өгчихдөг. Хямдхан хэлбэрээр өөрийнхөө асар том эрх мэдлийг үнэгүйдүүлж зардаг болчихсон. Үүн дээр нь манай олон нийтийн тархийг мэдээллээр цэнэглэх, мэдлэгийг нь хөгжүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээлэл, олны танил хүмүүс нь бүгд худалдагддаг. Эрх мэдэлтнүүдийг зодох гэж байгаадаа биш тэд нарыг зөв ажлаа хийгээд, хэлсэн амлалтаа биелүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, олон нийт, эрх мэдэлгүйчүүд нэг талдаа байх ёстой. Түүнээс биш эрх мэдэлгүй хэрнээ нэгнийгээ доромжилж болохгүй. Та бид хоёрын ярилцлагын дараа комментыг нь уншаарай. Чи муу өөрөө хулгайч, алт худаг, байгаль орчин сүйтгэсэн, том хамарт гээд хаа хамаагүй юм ярьж эхэлдэг. “Алтан Дорнод Монгол” компанийг ямар орос хүн байгуулаад хэр хэмжээний нөхөн сэргээлтгүй газар хаясан талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллийг хуудаснаа шарлаагүй байгаа. Түүнийг яаж нөхөн сэргээсэн талаар тухайн үед тайлангаа тавьсан, Байгаль орчны яам хүлээж авсан. Монгол Улс өнөөдөр дотоодын алтны компаниудаас жилд 20 тонн алт авч байна. Энэ бол нэг тэрбум ам.доллартай тэнцэх, эдийн засгийг 10 орчим хувиар тэлэх хэмжээний өгөгдөл. Баялгийг гаргаж ирж баялаг болгон, олон хүнийг ажлын байртай болгож, Алт эрдэнэсийн сан, валютын нөөцийг арвижуулж байгаа чинь сайн үйлс. Тэгэхээр манай иргэдийн өөрсдийнх нь буруу. Сонголт, дүгнэлт, өнгөц зүйлд эмордог. Элий балай юманд асар их анхаарч, лайк дардаг. Үнэн хэрэг дээрээ өөрийнхөө эрх, эрх члөөөний төлөө эвлэлдэн нэгдээд төр засгийн буруутай үйл ажиллагааны эсрэг гараад жагсдаг хүн хэд билээ.
-Шударга ёс, эрх тэгш нийгэм шаардаж байгаа залуус жагсаж тэмцээд эхлэхээр цагдаж хориод байдаг дүр зураг харагддаг болж. Ардчиллын үнэт зүйлс үгүй болж байна гэх халаглах хүмүүс олширч байна уу даа?
-Нэг талдаа нийгмийн эрэлт нь байна. Шударга бус юм эргэн тойронд байна. Эсэргүүцмээр байдаг, өөрчилмөөр байдаг. Өөрчлөлтийг манлайлах хүмүүс, түрүүн хэлдгээр нийгмийн сэтгэл зүй эморол руугаа их ханддаг. Олонхынх нь итгэл үнэмшил нь хугарчихсан. Яагаад гэвэл ард нь тэр байгаа, энэ байгаа гэж хараад байдаг. Үүнээс болоод тэмцэл нь газар авч чаддаггүй, иргэний нийгмийн дэмжлэг төдийлөн далайцтай авч чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр уг нь асуудлыг нь харах ёстой юм. Зөв асуудал тавиад байна уу, буруу асуудал хөндөөд байна уу гэж. Бидний нэг онцлог хүн нь хэн бэ гэж харах гээд байдаг. Чи муу хулгайч, чи Эрдэнээгийн хүүхэд бол асуудал ярих эрхгүй гэх мэт. Ийм байдлаар хандаад байгаад том дутагдал байгаад байгаа юм.
Нөгөө талд нийгмийн шударга бус зүйл хавтайрчихсан, нүдэн дээр ил байгаад байна. Аль ч улсад иймэрхүү процесс явагддаг. Тэгж яваад энэ дундаас шаариг тийм тоон дээр буудаг гэдэг казиногийн дүрмээр ч юмуу, Лениний онолоор тэсвэр тэвчээрийн аяга нь дүүрээд халих моментэн дээр санамсаргүй нэг удирдагч гарч ирж магадгүй. Тэр нь азтай улс оронд зөв чиглүүлээд явна. Эсвэл магадгүй Уго чавес шиг нөхөр гарч ирээд самрах эрсдэлтэй. Бухимдсан уймарсан нийгэм дээр сөрөг талын удирдагч гарч ирэх магадлал дийлэнх. Тиймээс нийгэм өөрөө хэрсүү, ухаалаг, дүн шинжилгээ хийж боддог байх ёстой. Ботууд, хэвлэл мэдээлэл, сошиал инфлүүсэр гээд байгаа хүмүүс нийгэмдээ зөв сайныг уриалдаг байх ёстой. Ходоод, ахуйгаараа барьцаалагдаж буруу зүйл ярьдаг байх ёсгүй. Ер нь үйлийн үр гэж философи утгаараа аль ч хүн төрөлхтний амьдралд байдаг. Буруу үйл болгон буруу үр дүн л авчирна. Тиймээс бид үүн дээр филсофи утгаараа ч, эдийн засгийн утгаараа ч зөв хандах ёстой. Нийгмийн хариуцлага, улс төрийн өнцгөөсөө ч тэр. Бид бүдүүлэг яриагаар бол дэндүү орк байна. Үүнийг овжин зальтайнууд нь ашиглаж удирдагч болж тоглож байна. Ингээд нийгмээ, эдийн засагаа оркжуулж улс орныхоо ирээдүйг мөхөл рүү аваачиж байна. Ийм газар нутаг, ийм газрын баялагтай ийм цөөхөн хүн ам яаж ийм ядуу дорой буурхай амьдарч чадаж байна гэж гайхмаар. Үүнийг геополитик гэж худлаа тайлбарладаг бас нэг орк хэсэг байдаг. Тэд бол худлаа эрдэмтэн орк хэсэг.
Хятадын Засгийн газрын ордонд ч юмуу, Оросын Кремльд ч юмуу, Америкийн Цагаан ордонд Монголыг яаж хорлох вэ, яаж дорой буурай болгох вэ гэж боддог, төлөвлөгөө боловсруулдаг хэн ч байдаггүй юм. Ганц нэг жишээ байна. Усан цахилгаан станц бариулахгүй гэж. Тэр нь жижиг бизнесийн ашиг сонирхол л төдий. Том утгаар нь оросууд биднийг хөгжүүлэхгүй байгаа юм, хятадууд биднийг эзлэх гэж байна гэдэг. Уучлаарай тэр оросууд, америкууд, хятадууд цар тахлын үеэр пантом барьчих, үзмэргүйгээр музей барьчих, Богд Зонховын музей барьчих, зүгээр байгаа музейгээ нураачих, өр хамаагүй, бүгд 570 аваад уначих гэсэн гадаадын төр засгаас бодлого байхгүй шүү. Энэ бол бидний дотооддоо новширч байгаагаа, хулгайгаа нуух гэсэн халхавч.
Хоёулаа зүгээр хийсвэрээр төсөөлье л дөө. Маргааш энэ ярилцлагын дараа сайд дарга нар УИХ-ын гишүүд бүгд автобусанд суугаад, Засгийн газрын бааз бүгд приус авчихвал Оросын Засгийн газар, Хятадын Засгийн газар сандрах уу, уурлах уу. Хорлоё гэж бухимдах уу. Үгүй ш дээ. Бид өөрсдөө ийм тэнэг орк байж, тэнэг орк хүмүүс сонгож улс орноо л тоглуулж байна. 1.5 сая м.кв газар нутагтай болтлоо агшаад ийм дорой буурай болсон улс цаашаа агшаад дэлхийн газрын зураг дээрээс байхгүй болох магадлал өндөр шүү.
-АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаагийн нэг илрэл энэ биш үү?
-1990 онд АН-ын үзэл санаа бидэнд таалагдаж хоёрдогч хүчнээр дэмжиж гаргаж ирсэн. АН бол нийгмийн платформ дээр гарч ирсэн нам. Одоо харин больсон, нийгмээсээ тасарчихсан. Яагаад гэвэл эрх баригч байхдаа яг л МАН-тай адилхан үйлдлүүд хийж байсан. Эрх мэдлийг өөрсдийнхөө мөнгө хийдэг зэвсэг болгосон. Ард иргэд ингээд л ардчилал гэдэг ойлголтод чинь итгэхээ байчихсан. Ардчиллыг манлайлж гарч ирсэн, тэр үед хамгийн ядуу, энгийн байсан удирдагч нар хамгийн баян бизнестэй боссууд болчихсон. Нөгөө ард иргэд нь модон жорлонтойгоо л үлдсэн. Тэгэхээр сөрөг хүчин байх ямар ч боломжгүй. Органик сөрөг хүчин хүний тооноосоо үл хамаарч оршин тогтнодог. Бид 2000 оны парламентыг мэднэ. 72 суудалтай өнөөдрийн МАН ялчихсан байхад ганц бие даагч Л.Гүндалай сөрөг хүчин хийдэг байсан. Бүр өнөөдрийн 11 хүнтэй АН-аас том сөрөг хүчин байж чадсан. Энэ бол факт.
Тэгэхээр бид нар сөрөг хүчин гэдэг нийгмийн плаформ дээр хэн хуурахгүй, бодитоор амьдарч чадаж байгаа тэр хүн нь дэмжлэг авч хөдөлгөж чадна.
-Саяхан АН их хурлаа хийж, шинэ даргаа сонголоо гээд мэдэгдэж байсан. Тун удалгүй нөгөө талынх нь гишүүд эсрэг байр сууриа илэрхийлсээр байна. Сөрөг хүчний байдал бас л базаахгүй нь. Өнөөгийн манай улс төрийн нөхцөл байдалд ямар гарц байна гэж хардаг вэ?
-Би үзэл санааны хувьд ардчилсан. Би ардчиллыг дэмжиж, 89, 90, 91 онд болж байсан Сүхбаатарын талбай, Ялалтын талбай, Үйлдвэрчний төв зөвлөлийн өмнөх талбай, Залуучуудын соёлын төвийн гаднах бүх жагсаалууд дээр очдог байсан. Орилдог, баярладаг байсан. Бид Баруун Европ, Америк шиг болно гэж итгэдэг байсан. Бид нарын хүсэл мөрөөдөл энгийн л байсан. Тэр үед уриалж байсан хүмүүс тийм л юм ярьж байсан. Харин бид нар тэр Баруун Европ, Америк шиг болоогүй. Тэр болдог цаг хугацаа Япон, Герман, Өмнөд Солонгосын түүх байсан. Эдгээр улс 20 гаруйхан жилийн хугацаанд өөрчлөгдсөн. Харин манайд 31 жил өнгөрчихсөн, ямар ч ахицгүй. Өчүүхэн ахицтай. Хэдэн халтар байшингууд баригдсан, хэдэн дарга нар, хэдэн бизнесүүд нь өр зээлтэй, том том машин унадаг болчихсон.
АН олон нийтийн дэмжлэгийг аваад бүхэл бүтэн 70 жил тогтчихсон тогтолцоог ялж гарч ирж байхдаа олон нийт дээр суурилж байсан юм. Гэтэл өнөөдрийн АН намын байгууллагын бүтцэд орчихсон. Даргатай, нарийн бичгийн даргатай, тэр нь фракцуудын төлөөллүүд, наймаанууд, тохироонуудтай. Хэн тэрийг санхүүжүүлэх вэ, тэр нь мөнгөтэй, компанийн захирал байх ёстой, УИХ-ын гишүүн байх ёстой. Тэр нь тэр босстой эв зүйгээ олдог байх ёстой, нөгөөх нь тэр өмнөх босстой ойлголцож чаддаг хүн байх ёстой, түүний ашиг сонирхлыг хангаж явах ёстой гэх мэт. Ингэхээр л сөрөг хүчинд нийгмийн дэмжлэг байхгүй болчихоод байгаа юм. Үүн рүү хиймлээр элсэж орно гэдэг үр дүн гарахгүй. Үүний баталгаа нь 2016, 2020, 2021 оны сонгуулиуд харуулж байна. Манай намын онолоор бол 2016 онд үнэмлэхүй болчихсон МАН 2020 онд саваад АН хуу хамна, ялалтыг авна гэж бодож байсан. Үгүй л байгаа биз дээ. Энэ чинь нийгмээсээ тасарчихсан, төөрчихсөн, МАН-2 гэдэг нам болчихсон шүү дээ.
Нийгэм өөрөө үүнийг ялгаж салгаж уур амьсгал өөр болж, улс төрийн манлайлж байгаа эрх барьж байгаа нам нь өөрөө яаралтай Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж улс төрийн намуудаа цэгцлэх хэрэгтэй. Эхний ээлжинд хүнтэй хүнгүй, нэг хүний бүлэглэлийн, мафийн 36 намаа дахин аттестачлалд оруулах хэрэгтэй. Сонгогчийн насны 2.4 сая иргэнийхээ ядаж нэг хувь буюу 24.000 хүний хурууны хээгээр баталгаажуулсан саналаар намуудын босгыг тавих хэрэгтэй. 1992 оны 801 хүний гарын үсэг биш. 24.000 хүн гэдэг дэмжигчийн хувьд том үзүүлэлт гарч ирнэ. Ингээд бодлогын, зүүн төвийн баруун төвийн социал либералаараа хуваагдаж тоотой гурав, дөрвөн нам л гарч ирнэ. Бусад нь тэр шалгуурыг хангаж чадахгүй. Ингэж улс төрийн намуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь тунгалаг санхүүжилтийг нь ил тод болгох ёстой. Сонгуулийг бүрэн төсвийн хөрөнгөөр хийж, улс төрийн намуудыг хөрөнгө босгохыг болих хэрэгтэй. Ингэхдээ найр наадам шиг сонгууль хийдэг, мөнгө тараадаг биш. Тодорхой нэг хоёр сонин, телевизээр зөвхөн нэр дэвшиж байгаа хүмүүсийнх нь цээж зураг, төгссөн сургууль, мэргэжил, ажилласан хугацаа, ямар төслүүд дээр ажилаасан, ямар мэргэжлээр мэргэшсэн, аль төслүүд нь амжилттай болсон, нурсан гэдгийг олон нийтэд нээлттэй тавих ёстой. Ийм хүмүүсийг сонгож гаргаж ирэх сонголтыг иргэдэд өгөх ёстой. Иргэдийн сонголт гээгдэхгүйн тулд пропорцианаль шинж чанарыг оруулах ёстой. Холимог, эсвэл зуун хувь пропорцианаль болох ёстой. Ингээд олон намын оролцоотой парламент бүрдүүлээд олонх болсон Засгийн газар нь айдастай, үгэнд оромжтой, чичрээстэй, мэлзэхгүй, тансаглахгүй, аархахгүй болно. Ингэж нийгмийнхээ үгийг сонсдог, нийгмийнхээ ташуурыг хүлээж авдаг төр засагтай нийгэм хөгждөг. Ийм л тогтолцоо чухал. Дахиж МАН нэг, хоёр, гурав намыг байгуулаад хэрэггүй. Өнөөдрийн байгаа намууд бүгд л тийм болчихсон. МАН-ын охин компаниуд шиг болчихсон шүү дээ.
-Тантай ярилцсаных дөрвөн сая ам.долларын хэргийн явцыг асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэрэг яагаад таг болчихов?
-Энэ бол 2018 оноос хойш явж байгаа хэрэг. АТГ-т өгсөн, бүх юмыг нь тогтоосон. Намайг хохирогч байх байр сууринаас, миний мөнгийг ямар данс руу яаж орсныг бүгдийг нь тогтоосон. Гэтэл мөрдөн байцаагчийг солиод прокурор руу өгсөн. Ингээд Нийслэлийн прокурорын дарга байсан, хэрэгт холбогдоод ажлаа өгчихсөн байгаа н.Нямдорж прокурор дээр хэрэгсэхгүй болсон. Тиймээс дахиад гомдол гаргасан. АТГ-т очсон, дахиад хэрэгсэхгүй болох гэж байна гэсэн мэдээ авсан. Ил тод баримттай, гардуулчихсан хэрэг өнөөдөр гурван жилийн хугацаанд шийдэгдэж чадахгүй байна. Гэтэл энэ хэргийн гол хариуцлагч Голомтын н.Баясгалан, н.Дорлигжав нар Женко Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн байсан. Яагаад энэ хэрэг явахгүй байгаагийн шалтгаан энэ байна. Голомтын н.Баясгалан Гашуунсухайтын төмөр зам, Богдхаан төмөр зам, цахилгаан станц гээд бүх том төслүүдийг тендергүйгээр, ҮАБЗ-өөр нууцын зэрэглэлд оруулж байгаад авч байна. Нөгөө дабль стандарт гээд байгаа чинь үүнийг хэлж байгаа юм. Өргөдөл өгөөд гомдол гаргахаар буцаад жаахан сэргээж шалгадаг юм. Нөгөө талд өргөдөл өгөөд өрвөлзөхөөр миний эсрэг мэдээллүүд гарна, яаж газар сүйтгэв гээд, ямар том хамартай вэ гээд тэнэг хар пи-ар явуулна. Татварын байцаагч нар, мэргэжлийн хяналтаас ирж компани жаахан шалгадаг юм. Би яваад л байгаа, бууж өгөөгүй. Би наймаалцаагүй.
Эх сурвалж: Өдрийн сонин