УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Монгол Улсын ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Хөгжлийн төсөв хэмээх тодотголтой ч анх удаа 18 их наядын төсөв батлагдлаа. Төсвийн талаарх таны байр суурийг сонсохыг хүсч байна?
-Таван жилийн өмнө Монгол Улсын төсөв найман их наяд байсан бол ирэх оны төсөв 18 их наяд болж 2.2 дахин өсч байна. Төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2016 онд 28 хувь байсан бол ирэх жилийнх 40 орчим хувь болох нь. Дээрээс нь төрийн өмчит компаниудын нийт эдийн засаг дахь оролцоо 20 гаруй хувийг эзэлж байна. Ингээд тооцохоор эдийн засгийн 60 орчим хувь нь төрийнхөн болоод төрийн өмчийн оролцоотой компаниудаар дамждаг боллоо. Уг нь бид 30 жилийн өмнө иргэд нь баян чинээлэг, бизнес эрхлэгчид нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, татварын орлогоороо улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засаг, геополитик, гадаад харилцаанд үлэмж нөлөө бүхий хоёр том хөршийн дунд орших бидний хувьд тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа уг нь төрөө, төсвөө жижиг байлгах явдал.
Иргэд, бизнесүүдийнхээ ард “нуугдаж” байж, шахалт, асуудлаас тойрч үлдэж чадна гэдэг ойлгодог. Гэтэл эсрэгээрээ төсөв томорч, төр данхайж, бизнесүүдийн боломж хумигдаж буйд санаа зовниж байна. Ерөнхийд нь нэгтгээд дүгнэвэл ирэх жилийн төсөв бол дарга төвтэй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа буцсан төсөв боллоо гээд шууд хэлчихвэл илүү оновчтой болох болов уу.
-Төрийн зарцуулах мөнгө нэмэгдэхийн хэрээр дагаад төсвийн алдагдал нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд 2.6 их наядын алдагдалтай төсөв баталлаа шүү дээ?
-Тийм ээ, зөвхөн сүүлийн гурван жилийн төсвийн алдагдал гэхэд 10 их наяд давж байна. Ирэх жилийн хувьд дөрвөн их наядын алдагдалтай байсныг эрх баригчид үзэгдэх хэлбэрийг нь өөрчилж 2030 он хүртэл захиран зарцуулах ёсгүй “Ирээдүйн өв сан” руу гар дүрж, 1.4 их наяд төгрөгийг ирээдүйгээсээ зээлчихлээ. Тэгснээ 2.6 их наядын алдагдалтай төсөв баталчихсан дүртэй л сууж байна. Нэг ёсондоо эрх баригчид таван хувийн алдагдалтай төсөв баталлаа гэж "цээжээ дэлдэж” байгаа ч бодит байдал дээр найман хувийн алдагдалтай төсөв баталчихлаа.
Хоёрдугаарт, уламжлал ёсоор орлогыг хэт өөдрөг төсөөлөөд байна. Төсвийнхөө төсөөллийг хэт романтик тооцож байгаад хэдэн их наядын алдагдалтай төсөв баталсаар байна гэдэг бол бодит байдал дээр Монгол Улсын өр л нэмэгдэнэ гэсэн үг. Өр нэмэгдэнэ гэдэг нь бизнес эрхлэгчдэд очих ажлын байр нэмэгдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах мөнгийг Засгийн газар өмнүүр нь орж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай улсын өр нэмэгдэж, төр данхайхын хэрээр бизнесийн орчин муудаж, бизнесийнхний орлого, боломжууд л хумигдана.
-Ковидын үед бид хэмнэж болох зардлаа бүгдийг нь хэмнэж чадав уу. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хүмүүс тойргоо усалж, том дүнгээр хөрөнгө оруулалтын ажлууд хийдэг жишиг бараг тогтлоо. Төсвийн хуваарилалтын тал дээр та юу хэлэх вэ?
-Мэдээж төсвийг шууд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумандаа тэнцүү хуваарилаад тавих нь зөв биш. Төсвийн хөрөнгө оруулалтыг хийхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, ирээдүйн үр өгөөжийг нь жигнэх ёстой. Гэтэл эрх баригчид ач холбогдлын эрэмбийг хийхдээ, хэн их эрх мэдэлтэй вэ, хэн нь том дарга вэ гэдгээр хараад байх шиг. Хөгжилд дэм болох, асуудлуудыг цэгцлэх шийдлүүдийг хэрэгжүүлэхгүй, санхүүжүүлэхгүй гэсэн хэрнээ олон оновчтой санал санаачилга гаргахаар бас дэмжихгүй байна л даа.
Эдийн засагт төрөлжилт, төвлөрөл, ялгарлын талаар ярьдаг, өргөжилтийн үр ашиг, “transaction cost” гээд суурь ойлголт байдаг юм. Тиймээс “тээвэр, логистик руугаа анхаарахгүй бол болохгүй нь ээ” гэж би өнгөрсөн жилийн төсөв батлах үеэр их олон хэлсэн. Дэлхийн банк ч Монгол Улсын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт тээврийн зардал 30 гаруй хувийг эзэлж байгаа нь хамгийн том сул тал гэж дүгнэдэг. Ингээд өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсын тээвэр, ложистикийн асуудлыг цогцоор нь харж, хилийн боомтуудын дамжин өнгөрөх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, дотооддоо тээвэр ложистикийн нэгдсэн бодлого боловсруулж, төр хувийн хэвшлийн хамтарсан ТЭЗҮ боловсруулахад жижгэвтэр хөшөө барих хэмжээний өртөгтэй юм байна, үүнийгээ шийдээд өгөөч” гэдэг санал гаргаж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалгасан ч дэмжээгүй. Гэтэл хоёрхон сарын дараа манай улсад тээвэр, ложистикийн асуудал үүссэн. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хилийн нэвтрүүлэх чадвартай холбоотой маш том асуудал бий болж, энэ бэрхшээлийг улс орон даяараа туулцгааж байна. Улсын хөгжилд хамгийн чухал үр нөлөөтэй энэ мэт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилдаа мөнгө хуваарилахгүй хэрнээ цемент цутгасан хөшөө, байшин барилга барих ажлаараа уралддаг жишиг тогтчихлоо, эмзэглэмээр.
-УИХ-ын гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсныг шүүмжлэх иргэд олон байна. Таны тухайд өөрт хуваарилагдсан мөнгөөрөө тойрогтоо ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
- Мэдээж засах ёстой буруу шийдэл гэдэг дээр санал нэг явдаг. Ер нь ажиглахад юуг санхүүжүүлэхээ мэдэхгүй байгаа учраас л ийм арга ядсан арга хэрэглэдэг юм байна даа гэж бодсон. Дээр хэлсэн шиг санал гаргаад эрх баригчид дэмждэггүй учраас тойргоос сонгогдсон гишүүний хувьд дээрх шийдлээ жижигсгэсэн байдлаар хэрэгжүүлэх саналыг өгсөн. “Логистик, тээврийн асуудлыг баруун бүсийн хэмжээнд шийдье”, мөн “Иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааръя” гээд тодорхой саналуудыг хүргэсэн. Арматур зангидаж, цемент цутгадаг биш, ажлын байр яаж нэмэгдүүлэх вэ, иргэдийн орлогыг хэрхэн дээшлүүлэх вэ, уламжлалт бус шинэ орлогыг яаж олох вэ, ашиглагдаагүй нөөц баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэсэн асуудлуудад шийдэл олохоор тойрогтоо анхаарал хандуулан ажиллаж байна. ХАА-д технологи нэвтрүүлэх, гарцыг нэмэгдүүлэх чиглэлд “Шинэ хөдөө- Увс” төслийг хэрэгжүүлж байна. Мөн Увс аймагт үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнүүдийг улс, бүс нутагт таниулах, борлуулалтын сувгийг дэмжих, шинэ орлого, бизнес, шинэ брэндүүдийг бий болгох, орон нутгийн брэндүүдийг системтэйгээр хөгжүүлэх ажлын эхлэл болох “UBC” брэнд буюу “Увс Бизнес Кластер” төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр чиглэлд санхүүжилт хийх саналыг гаргаж, зарцуулалтыг харьяалагдах сайдын багцад тусгууллаа. Эдгээр төслүүд ирэх жилүүдэд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Гол нь иргэний орлогыг л нэмэгдүүлэх нь чухал байна л даа.
-Төсөв тойрсон яриаг энд хүрээд өндөрлөе. Одоо Ардчилсан намд үүсээд байгаа асуудал руу ярилцлагын сэдвээ өөрчилье. Ингэхэд Ардчилсан намын албан ёсны дарга хэн юм бэ?
-Тийм ээ, Ардчилсан нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны даргагүйгээр жил илүү явсан. Энэ асуудлыг цэгцлэхээр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын 1300 орчим төлөөлөгчид ээлжит бус Онц их хуралдаа оролцож, асуудлыг эцэслэсэн. Нэмээд хэлэхэд нам гэдэг бол зөвхөн тамга биш, дарга ч биш. Үзэл санаа, үйл хэргээрээ нэгдсэн хүмүүсийн олонлог. Иймдээ ч намын гишүүдийн олонхи нь хаана байгааг уг хурлын үеэр улс орон даяараа харсан байх. Ардчилсан намаас сонгогдож байсан үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдээс эхлүүлээд орон нутгийн төлөөллүүд идэвхтэй оролцож, сэтгэл зүрхээрээ нэгдэж нэг талдаа гарсныг хараад миний хувьд ч бас огшиж хүлээж авсан. Энэ асуудал Цогтгэрэл, Эрдэнэ, Тулгатдаа биш, Ардчилсан нам маань учраа олох ёстой гэсэн хүлээлт байгааг харуулж байна.
-Дарга шийдэгдлээ гэхэд танай нам ер нь сэхэл авах уу?
-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намынханд хүндрэл бэрхшээл үүсч, удирдлага зохион байгуулалтын асуудалд орчихлоо гэж зарим нэг хүмүүс хараад байх шиг байна. Үгүй ээ, энэ бол нэг хоёр сонгуулийн үр дүнгийн тухай, АН-ын дарга нь тамгаа дэд даргадаа өгчихөөд шүүхдэлцээд байгаа төдий асуудал биш. Ардчиллын салхи сэвэлзсэн 1990 оноос хүний эрх, эрх чөлөө, бизнесийн тэгш боломж, чинээлэг иргэнийг бий болгох үзэл санааг тээгчид, төлөөлөгчид зөрчил хямралд орж, иргэдийн итгэлийг бага багаар алдсаар өнөөдрийг хүрч, нам доторх идээ бээр, буглаа хагарлаа.Өвдөлтийн шоктой үйл явцууд нь үүгээр өрнөлөө. Харин одооноос энэ өвдөлтийн шокноосоо гарсны дараахь системийн бүрэн хэмжээний өөрчлөлт хийх уналт, босолтын цэг дээрээ очиж байна.
Ийм учраас Ардчилсан нам хэрхэн яаж 20,30 жилийн өмнөх шигээ, иргэдийнхээ хүсэл зоригийг тээгч болох вэ гэдэг вэ гэдгийг хэн нэгэн дарга удирдлагыг өөрчлөх төдийд шийдэгдчихгүй гэж харж байна. Яг үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам бие даан Засгийн газрын эрх барьж үзээгүй. Энэ хугацаанд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль найман удаа зохион байгуулагдсан байна. Эргээд харахаар 1996-2000 онд Ардчилсан нам засагласан гэдэг боловч бид дангаараа шийдвэр гаргах эрхгүй байсан. 2012-2016 онд Эвслийн Засгийн газар байгуулж, энэ үед МАН-аас сонгогдсон гишүүн Сангийн сайдаар ажиллаж байсан. Найман удаагийн сонгуульд оролцохдоо Ардчилсан нам дангаараа нэг ч удаа засаглахгүй байна гэдэг бол хэн нэгэн удирдлага, дарга цэргийн асуудал гэхээсээ илүү томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй хэрэгтэй байгаагийн дохио. Бид үзэл санаан дээрээ бат зогсоод илүү парагматик ардчиллыг ярьж хэлэх ёстой гэж боддог.
-Ардчилсан намын албан ёсны даргаар таныг батламжлах талаар Улсын дээд шүүх шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүн хүчингүй болно гэх юм. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Хэрвээ намын даргын асуудлаас хамаараад сонгууль хүчинтэй, хүчингүй гэдэг зүйл яригддаг бол С.Эрдэнэ биш, Ц.Туваан гишүүн даргын үүрэг гүйцэтгэж байсан 2020 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгууль бас аль хэдийнэ хүчингүй болчихсон байх нь, энэ логикоор бол.
Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард, орон нутгийн сонгууль аравдугаар сарын 10-нд болсон. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүр гурван удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй л гэж үзсэн. Гэхдээ даргатай, даргагүй Ардчилсан нам гэх улс төрийн хүчин үйл ажиллагаагаа явуулах ёстой учраас орон нутгийн сонгуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд ч, сая болсон нөхөн сонгуульд ч намын нэр дэвшигчдийг бүртгээд, оролцуулаад явсан. Тэгэхээр 2020 оны аравдугаар сарын сонгууль ч, 2021 онд болсон хоёр сонгууль ч, хэдхэн хоногийн өмнө хуралдсан Онц Их Хурлын шийдвэр ч хүчинтэй, хоорондоо харшлах зүйлгүй.
Дээд шүүхээс удаа дараа “Та нар хүчин төгөлдөр их хурлаа хийгээд дахин ханд” гэдэг. Энэ даалгаврыг анхан, дунд шатны нам, бүтцийн байгууллагууд, УИХ дахь бүлэг болоод үе үеийн лидерүүдийнхээ хамт Ардчилсан намын 200,000 гишүүн биелүүлж чадлаа.
Дээр хэлсэн шиг нам гэдэг бол дарга биш, тамга тэмдэг ч биш иргэдийн үзэл санааны нэгдэл болсон хамтын байгууллага. Олуулаа суугаад асуудлаа дотооддоо ярих эрх үүргийн үзэл санаатай. Ийм учраас бие даасан, хараат бус Монгол Улсын шүүх асуудалд бодитой шударгаар хандана гэдэгт бүрэн итгэж байгаа.
-Онц их хурал зарлахаас өмнө одоо хоёр хуваагдчихаад байгаа Ардчилсан намын удирдлагууд ойлголцолд хүрчихсэн байсан гэж ойлгосон. Гэтэл яг ямар шалтгаанаас олоод энэ нэгдмэл ойлголтоос буцчихсан юм бэ?
- Намын дотоод асуудал тодорхойгүй удаан явлаа, үүнийгээ шийдье гэж тал талаас л хүчин чармайлт гаргацгааж байсан. Нөхөн сонгуульд нэр дэвшсэн Э.Бат-Үүл баатар “Энэ сонгуульд миний ялах ялагдах асуудал сонин биш. Харин энэ үйл ажиллагаанд хамтдаа, нэгэн цул болж зогсож, намаа эвлүүлж авах нь хамгийн том үйл хэрэг” гэдгээ ч илэрхийлж байсан. Ингээд ойлголцож, С.Зориг агсны хөшөөний өмнө бид хамтарсан мэдэгдэл хийгээд л ээлжит бус их хурлаа зохион байгуулах үйл ажиллагаандаа орцгоосон. Гэвч явц дунд яагаад байр суурь нь өөрчлөгдсөнийг М.Тулгат нарын залуусаас маань асуух нь илүү зохимжтой байх.
-Ардчилсан нам одоо ч нэг л цул гэж та хэлж байна. Тэгвэл үл ойлголцоод байгаа талтайгаа нүүр нүүрээ хараад учраа олчихож болохгүй байгаа юм уу. Дахин ямар нэг оролдлого хийсэн үү?
-М.Тулгат тэргүүтэй залуус бидний хооронд ямар нэгэн маргаан, хэрүүл, тэмцэл байхгүйг та бүхэн харж байгаа байх. Бидэнд нэгнийгээ үзэн ядаад зөрчил, тэмцэлд орчих зүйл байхгүй. Намын эрх ашиг, ардчиллын төлөө цаашид юу хийх талаар санаа зовниж байгаагаас биш буруу хараад суучих хэмжээний асуудал байхгүй. Булаацалдаад байх рейтинг, эрх мэдэл, зохион байгуулалт өв, орон байр ч байхгүй. Ардчилсан намаа босгоход хүч, хөдөлмөрөө зориулъя гээд зүтгэж буйгаар нь бахархдаг. Одоо ч гэсэн эдгээр нөхдүүдээ удирдлагын түвшинд гар, сэтгэл нийлэн ажиллая гэж урьж байгаа.
Шинэ удирдлагын багийн хувьд намаа шинэчилж 2024 оны сонгуульд Ардчилсан намыг бүтэн ялуулж, данхайсан төрийг хумьж, тэлсэн төсвийг багасгаж, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь эргүүлэн авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрэв ялагдвал хэн нэгнээс, ямар нэгэн асуудлаас шалтаг, шалтгаан хайлгүйгээр хариуцлагаа үүрнэ. Хариуцлагаа өөрөө үүрдэггүй, хальж энд тэндээс шалтаг хайдгаас л асуудал энэ хүртэл хурцадсаныг та бид харж байна шүү дээ.
-Улсын дээд шүүх та бүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол цаашдын гарц гаргалгаа юу байх вэ?
-Ийм шийдвэр гарсан тохиолдолд манай намын гишүүд дэмжигчид ямархуу сэтгэл хөдлөл, үйлдэл гаргахыг өмнөөс нь хэлж мэдэхгүй юм.
-Яг ямар эрх ашиг дээр нэгдэж чадвал хоёр хуваагдсан Ардчилсан нам нэгэн цул болох эвлэрлийн юмуу, хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой вэ?
-Ардчилсан нам уламжлалт олон фракцтай. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, ҮАБЗ-ийн түвшинд ажиллаж байсан эрхмүүд олон. Улс орны удирдлагын түвшинд ажиллаж байсан хангалттай их хүний нөөцтэй. Нөгөө талаараа энэ нь ардчилсан үзэл санаа, үндсэн философид тулгуурласан, хувь хүний эго өндөртэй хүмүүсийн нэгдэл учраас Ардчилсан нам хамтын удирдлага, институцийн хувьд амаргүй байдаг нь намын язгуурын онцлог. Энэ язгуурын онцлогийг дарангуйллын аргаар, дарга төвтэй аргаар удирдах гэж олон жил оролдсоны гор өнөөдөр гарч байна. Тиймээс миний хувьд Ардчилсан намыг дарга удирдахгүй, нам маань институцилаг болж, зүй зохистой хамтын удирдлагын систем рүү маш том алхам хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дарга төвтэй, даргын эрх мэдэл хэт төвлөрсөн удирдлагын системд аажим аажмаар Ардчилсан нам шилжсээр, МАН-ын даргаас илүү дарангуйлагчийг төрүүлдэг, МАН-аас илүү төвлөрсөн нам, нэг хүний нам болж хувирсан. Ажлынхаа үр дүнг тайлагнах ёстой намын дарга нь эргээд гишүүдийнхээ, төлөөллийн төв байгууллагынхаа гээд бүхний дарга болчихсон. Өөрийнх нь ажлыг шалгах эрх бүхий хяналтын байгууллагаа өөрөө сонгодог, дотоод сонгуулийн хороогоо хүртэл өөрөө томилдог гэх мэтээр МАН байтугай ардчилалгүй нам болж хувирсан. Тиймээс намынхаа нөхдөдөө санал болгох зүйл гэвэл Ардчилсан нам илүү институцилаг, эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан томоохон өөрчлөлт хийх ёстой. Энэ өөрчлөлт хэлбэрийн төдий бус жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байж шинэ 30 жилийн тухай яриа эхэлнэ. Надад аль нэг тал руу хэлтийж, хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явах шаардлага ч байхгүй. Би аль нэг фракцын төлөөлөл биш, надад тийм түүх ч байхгүй. Бүх хүний үүрэг оролцоотойгоор нэгдсэн нэг систем болж, нэг хэсэг хүн зориод хүрч чадахгүй зорилгод бүгдээрээ нийлж хүрэхэд зорино.
-Ардчилсан нам цаашид хэрхэн яаж шинэчлэгдэж, илүү хүчтэй сөрөг хүчин болох юм бол?
-Ардчилсан нам 30 жилийн өмнө үзэл санааны том үйл хэргийг эхлүүлсэн. Үүн шиг бид шинэ 30 жилийнхээ дараагийн үйл хэргийг эхлүүлэх цаг болжээ. Энэ бол тунхагийн шинжтэй төдийхөн биш, өргөн хүрээтэй, үйл хэргийн шинжтэй байх ёстой.
-Тэгвэл шинэ үйл хэрэг нь ямар байх вэ?
-Ардчилал гэдэг бол тэнгэрийн, гоё сайхан, хий хоосон, холын зүйл биш. Ардчилал гэдэг цөөн хэд нь хождог биш олонхоороо хождог, олонход хамаатай байж ардчилсан үзэл санаа хэлбэрдэлтгүй, гажуудал үгүй, илүү парагматик, ажил хэрэгч ардчилал руу тэмүүлэх ёстой. Өнөөдөр ардчилал надад яг юу өгсөн юм бэ гэдэг эргэлзээ олон хүнд байгаад байна. Үүнд л тодорхой хариултыг өгөх, өгч чаддаг байх ёстой. Бас засч залруулах ёстой. Ардчилсан дэлхийн шинэчлэл, өөрчлөлтийн салхи манай хөлөг онгоцны дарвуул руу хүчтэй үлээж байна. Энэ салхины хүчийг нэмэгдүүлэхийн тулд бид мэдээлэл технологийн хөгжил дэвшлийг ашиглах болно. Мэдээлэл технологийн дэвшил хүн төрөлхтний мянга мянган, зуу зуун жилийн түүхэн мэдлэг, туршлага, хүчийг иргэдэд төвлөрүүлсээр байна. Эрх мэдлийн хүч Төрийн ордонд биш, аймаг, сумын захиргаанд биш технологийн нөлөөгөөр иргэдэд очих болно. Ингэж ардчилсан, хүний эрхийн, хүн-эрхэм гэх үзэл санаагаар иргэдэд ийм хэмжээний эрх мэдлийг хүргэж өгснөөр ардчиллын хөлөг онгоцыг илүү хурдтайгаар урагшлуулна.
-Ардчилсан нам хүний нөөцийн асуудалдаа хэрхэн анхаарч байна. Шилдэг боловсон хүчин, удирдагч манлайлагчдаар багаа бүрдүүлж чадсан уу?
-Улс төрийн намыг би амьд организм гэж ойлгодог. Амьд организм гэдэг бол олон элементтэй, энэ элементүүд нь өөр өөрийн зорилго, үүрэгтэй, яг л хүнд байдаг уураг тархи, элэг, зүрх, бөөр шиг олон зүйлээс тогтож таараа. Тэгэхээр нам амьд организм болохын хувьд ахмад, залуу, дунд үетэй, бодлогын залгамж халаатай байх ёстой. Ахмадууд нь зааж зөвлөөд, залуучууд нь оргилж буцлаад, шахаж шаардаад идэрчүүд нь ачаагаа үүрээд явах ёстой байх. Хүний нөөцийн бодлогод энэ зарчмаа л барьж, тал талын оролцоог хангахыг зорино.
Нөгөөтэйгүүр Ардчилсан намд ч, Монголын төрд ч, Монгол Улсад чадвартай, хэрэгтэй боловч ашиглагдаагүй хүний нөөц, оюун ухааны асар их потенциал зэвэрчихсэн хэвтэж байна. Улс төрийн нам бол энэ чадварлаг хүний нөөцийг олж нээж, илрүүлж дэмжиж, түлхэж нэр дэвшүүлж, томилж төрийн төлөө, эх орныхоо төлөө ажиллуулдаг тийм бүтэц. Энэ утгаараа одоо байгаа гишүүд дэмжигчдээ чадавхижуулахаас гадна хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг бүхий л чадварлаг хүмүүсийг АН-ын үйл хэрэгт оролцдог байх боломж бололцоог бий болгоно.
Үүн дээр бид жаахан менежмэнт хийхэд иргэд нь хождог, Ардчилсан нам ч хождог, Ардчилсан төр хождог, Монгол Улс хождог, том зургаараа монголчууд хождог нийгмийг цогцлоох боломж бий гэж хардаг. Энэ үзэл санаа, үйл хэргийг бүтээх асар их эрч хүч энерги хуримтлагдчихсан байна. Үүнийг чөлөөлөх ёстой. Сайн сайхан амьдрах хүч, нөөц бололцоо монголчууд бидэнд, бидний оюунд хангалттай бий.
Эх сурвалж: Өдрийн сонин