x

М.Чимэддорж: Ирэх оны төсвийн орлогын төсөөлөл "зүүд, зэрэглээ" шахуу болсон

Эдийн засагч М.Чимэддоржтой ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар 2022 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Хөгжлийн төсөв хэмээн нэрлэгдэж байгаа ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төсөв бол төрийн нэрээр төвлөрүүлэн цуглуулдаг санхүүгийн хэрэгсэл төдий зүйл биш. Төсөв бол улс орны хөгжил дэвшил, маргаашийг харах харааны илэрхийлэл. Мөн хөгжлийн зорилтыг ажил хэрэг болгох санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах төлөвлөгөө. Харамсалтай нь ирэх оны төсөв маргаашаасаа зээлж өнөөдрөө аргацаадаг ахархан бодлын илэрхийлэл болж батлагдлаа. Хөгжлийн биш харин ч ухралтын төсөв гэвэл онох биз.

-Анх удаа хамгийн өндөр буюу 18 их наядын төсөв батлагдаж байна. Төсвөө үр дүнтэй хуваарилж чадав уу?

-Урьд өмнө байгаагүй, Монголын эдийн засгийн чадавхиас ахадсан төсөв энэ удаа батлагдлаа. Юуны өмнө төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин, алдагдлыг хязгаарлаж байх ёстой. Энэ удаагийн төсөв бол бүхэлдээ чадавхиасаа давсан өрийн төсөв болж батлагдсан. Төсвийн хуваарилалтын хувьд улс орны хэмжээнд асуудлыг харж, шаардлагатай дэд бүтцээ хөгжүүлж, бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бодлогоо харахын оронд тойрогт нь болон өөрт нь мөнгө хуваарилах замаар УИХ-ыг авлигадсан төсөв боллоо.

-УИХ-ын дарга энэ удаагийн төсвийг дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хөдөлмөр, бүтээмж, өсөлт-ийг дэмжих төсөв болж чадсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Та санал нийлэх үү?

-УИХ-ын даргын чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг сонссон. Шулуухан хэлэхэд 20 жил яриад ч ажил болоогүй улиг болсон үгсийн цуглуулга байсан.

Төсөв батлагдах, чуулган хаах болгонд хэлдэг жижүүрийн үг. Бодит байдал бол энэ онд эрүүл мэндийн даатгалын сангаа шавхчихаад ирэх онд ирээдүйн өв сангаа зарцуулчихья гэж байна. Ирээдүй хойч үедээ өвлүүлье гээд хурааж цуглуулж байсан мөнгөө хүүхдийн чинь хадгаламжинд хийгээд өгье гэдэг чинь юу гэсэн үг вэ. Зүгээр л залилан шүү дээ.

-Цар тахалтай холбоотойгоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл ирэх онд олох орлогынхоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөллөө гэх шүүмжлэл байна. Бодит амьдрал дээр төсөв олон жил хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн алдагдалтай батлагддаг хэвээр байсаар л байна шүү дээ?

-Уг нь одоо дэлхийн зах зээл дээр байгалийн баялгийн үнэ өндөр байна. 2011 онд тохиосон эдийн засгийн супер мөчлөг давтагдаж байна. Харамсалтай нь манай Засгийн газрын хариуцлагагүй, арчаагүй байдлаас шалтгаалан бид нүүрс, төмрийн хүдрээ худалдаж чадахгүй, хил, гааль нь хаалттай хэвээр сууж байна. Ирэх оны төсвийн орлого гэдэг бол нэгдүгээр сарын 1-нээс орж ирэх орлогоос эхэлнэ. Гэтэл бид улсын төсөвт ихээхэн жин дардаг байгалийн баялаг, түүхий эдээ хилээр хэрхэн яаж нэвтрүүлж, экспортоо нэмэгдүүлэх асуудлаа одоо ч шийдээгүй байна. Үүнээс харахад төсвийн орлогын төсөөлөл бол зүүд зэрэглээ шахуу юм. Энэ онд төсөвт тусгасан орлого тасарсантай адил ирэх жил ч төлөвлөсөн орлогоо олж чадахгүй гэж харж байна. Өөр нэг асуудал нь цар тахлын ч нөлөөгөөр, эрх баригчдын бодлогын алдаанаас Монгол Улсын төсөв монголчуудаас улам бүр алсарч байна. Ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийж татвараа төлдөг иргэдээс бүрдэж байх учиртай төсөв маань төрийн компанийн уул уурхайн механизмын чадлаас хамаардаг боллоо. Энэ бол улс төр, эдийн засгийн системд заналхийлж байгаа аюул мөн.

-Алдагдалтай төсөв батална гэдэг бол өр хуримтлагдаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Манай улсын өрийн тааз улам нэмэгдсээр байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эрх баригч намын бүтэлгүй Засгийн газар тогтож үлдэхийн тулд УИХ-ыг ч, ард түмнийг ч авлигадаж байна. Төсвийн алдагдлын шалтгаан бол ердөө л чадваргүй засгийн өртөг, төлбөр. Эрх баригчид мөнгө тараачихаар өөрсдөө эрх мэдэлдээ тогтож үлдэнэ гэж бодож байна. Харамсалтай нь тэд монголчуудын маргаашийг заран байж тогтож үлдэх гэж улайрч байгаа юм. Нэгдсэн төсвийн зарлагыг 2.4 их наядаар нэмчихээд нөгөө талд нь 2.4 их наядын алдагдал бичээд сууж байна шүү дээ. ДНБ таван хувиар өснө гэчихээд ДНБ-ийхээ таван хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталж байгааг юу гэж ойлгох вэ. Ирэх жилийн өсөлттэй тэнцэх хэмжээний өр тавьж байна гэсэн үг биз дээ. Гэтэл эдийн засгийн өсөлтийн таамаглал нь ч өндөр, төсвийн орлогын таамаглал нь ч бодит байдалд биелэх боломжгүй. Товчоор хэлбэл, бид дараа жил бүтээх баялгаасаа илүү өр тавьж байгаа л гэсэн үг.

-Цаашид төсвийн алдагдлаа бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Засгийн газрын өр төсвийн алдагдлаас л үүсдэг. Төсвийн алдагдлыг бууруулах хамгийн шилдэг арга бол зардлыг бууруулах. "Цахим Монгол" болж байна гэж хэдэн арван тэрбумыг салхинд хийсгэсэн ч төсвийн ажилчдын тоо нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ. Ирэх жил дахиад 10 тэрбумыг энэ чиглэлд зарцуулах гэж байна. Гэтэл бусад орнууд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаад төр нь илүү үр ашигтай ажилладаг болж, тэр хэрээр төсвийн ажилчдын тоо буурч байна. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэндийн салбар гэж нийгмийн хоёр том салбарт хувийн хэвшлийн хөгжлийг боомилчихоод төр бүх ачааг нь өөртөө аваад явж байна. Эдгээр салбарт хувийн хэвшлийнхэн ажиллах, өрсөлдөх боломжийг тэлж өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ төсөвт ирэх ачаалал буурна. Гуравдугаарт, төрийн өмчит компаниуд, төсвөөс хувийн хэвшилд өгдөг элдэв татаасыг болиулах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд, сангууд гэдэг бүхэлдээ авлигад идэгдэж ялзарсан газрууд болсон. Төрийн компаниуд, сангуудын захирал гэж цахим орчинд эх орон, ард түмэн хэмээн худал ярьсан, том толгойтой хүмүүс болцгоосныг бүгдээрээ харж байгаа байх. Уг нь ашгийн байгууллагын гүйцэтгэх удирдлага гэдэг эзэмшигчийнхээ өмнө үр ашигтай ажиллах үүрэг хүлээсэн субьект байдаг. Гэтэл одоо хөл толгойгүй л юм болж байна. Сонгогдсон, томилогдсон төрийн албан тушаалтнууд нь иргэд сонгогчдынхоо өмнө, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, ашгийн байгууллага нь үр ашгаа дээшлүүлээд, татвар хураамжаа төлөөд явах нь ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засгийн зарчим. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байж гэмээнэ улс орны явдал цэгцэрнэ.

-Цар тахлын амаргүй байдал ирэх жилүүдэд ч үргэлжлэх учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд ихээхэн анхаарах ёстой. Энэ чиглэлд хэр анхаарсан төсөв болсон бэ?

-Цар тахал гэгч элдэв янзын үр дагавар дагуулж байна. Олон улс оронд үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой хүний тоо цөөрч, үйлдвэрлэлийн салбарт технологи орлуулалт идэвхижиж байна. Гэтэл бид байгаа бүхнээ хааж боосоор ажиллах хүчний тэн хагас нь ноогддог үйлчилгээний салбарын компаниудаа дампууруулчихсан. Уг нь төсвийн зорилт нь юуны өмнө макро бодлогын уялдаагаа хангаж, эдийн засгийг идэвхижүүлэхэд төвлөрөх ёстой. Гэтэл төв банк, засаг хоёр нь эдийн засгийн өсөлтийн таамаг нь хүртэл зөрүүтэй бодлого оруулж ирж байна. Ийм байхад яаж төсвийн үр дагавар ярих вэ дээ. Эрх баригчид улс удирдаж явж чадахгүй юм байна. Тийм чадавхи ч, хүний нөөц ч алга. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр гурван зүйлд анхаармаар байна. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ялангуяа ажилд зуучлах, ажлын байрны мэдээллийг хүртээмжтэй болгоход дорвитой алхам хиймээр байна. Зарын сонин уншдаг байсан үе ард хоцорсон. Хүмүүс аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс сахиад суухгүй. Тэдэнд нэгдмэл системээр, эмх цэгцтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болмоор байна. Хоёрдугаарт, цагийн ажлыг хөгжүүл. Хүмүүс цагт суурилсан хөдөлмөрийн орлоготой болог, ажлын цаг нь уян хатан болог. Ингэж чадвал залуучуудыг хөдөлмөрт татан оролцуулж, эдийн засгийн идэвхжлийг нь дэмжих болно. Гуравдугаарт, бэлэн мөнгө тараагаад байгаа цагт хөдөлмөр эрхлэх сонирхол үргэлж буурч байдаг. Ажиллах хүчнийх нь тэн хагас нь элдэв халамж нэрийн дор сул орлоготой байгаа цагт ажил хийх хүн олдохгүй. Эдийн засгийг мөнгө тарааж биш ажил хийлгэж л идэвхижүүлнэ.

-Ирэх жилийн төсвөөс харахад хэмнэж болох зардлууд байв уу?

-Төсвийн хамгийн хоёр том зардал бол урсгал болон хөрөнгө оруулалтын зардал байдаг. Урсгал зардалд ордог цалин хөлс, тэтгэвэр, халамж нь зайлшгүй гарах ёстой зардал. Урсгал зардлаас төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, давхацсан ажлын байрыг цомхотгох, аливаа томилолтын зардал, бичиг хэрэг болон бусад нэн тулгамдаагүй зардал зэргийг танах боломжтой. Харин хөрөнгө оруулалтын зардлын тухайд төслүүдийн эрэмбийг авч үзэх нь тун чухал. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, шалгуур үзүүлэлтийн дагуу хийхээр зорьсон гэсэн боловч хөрөнгө оруулалтын төслүүдийг харахад шаардлагагүй, эдийн засгийн өсөлтөд шууд өгөөжөө өгөхгүй төслүүд нэлээн орсон байна. Нөгөө л сум бүрд Соёлын төв, спорт заалууд, байршлаа олоогүй зуслангийн асуудал гэх мэт хэмнэж болохуйц төслүүд орсон байна. Өөрөөр хэлбэл, эрэмбэлсэн гэх боловч шалгуур үзүүлэлт нь яг юу байсан нь тодорхойгүй, эрэмбэлж нарийн тооцоогүй нь тодорхой харагдаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтэд тухайн барилгын эрэлт хэрэгцээ, түүнийг ашиглагчдын тоо, үр ашиг, өгөөж гэх мэт асуудлууд яригдах ёстой. Тухайн сум, хороонд баригдах гэж байгаа сургууль зайлшгүй хэрэгтэй юу, ямар хүчин чадалтай байх юм, үйл ажиллагааны зардал ямар байх вэ гэдгийг нарийн тооцоолоогүйгээс зардал, үр ашгийн тооцоо алдагдаж, хязгаарлагдмал байгаа төсвийн хөрөнгийг оновчгүй зарцуулах явдал байна. Гэтэл урдаа барьж байгаа, цар тахлын үед хамгийн их ачаалал авч байгаа ХӨСҮТ-дөө одоо хүртэл засварт оруулж чадаагүй байна.

-Төсөв батлахдаа хэрэглэгч орноос бүтээгч, үйлдвэрлэгч улс орон болоход хэр анхаарав. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон асуудлыг юу гэж харж байна?

-Энд нэг бодлогын алдаа байдаг юм. Олон хүн импортыг орлуулаад хөгжчихнө гэж боддог. Гэтэл дэлхий нийтийг хамарсан өртгийн сүлжээ чинь өөрөө хамгийн үр ашигтай, комплекс систем болчихсон. Бид юуг үйлдвэрлэх вэ гэдгээ бодох ёстой болохоос биш хэрэглэдэг болгоноо өөрөө үйлдвэрлээд байя гэдэг нь хөгжлийн замнал биш. Эхлээд монголчууд бид хүн төрөлхтний хөгжилд, эдийн засагт, хэрэглээнд юу өгч чадах вэ гэдгээ сайтар тунгаа. Тэгээд өрсөлдөх чадвартай эдийн засгийн салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээ олбол түүнийгээ хөгжүүл. Хөгжүүлэхэд нь төрөөс элдэв татаас олгох биш мэдлэг, технологийг нь нутагшуулахад тусал, дэмж. Энэ бол жинхэнэ тулхтай хөгжлийн гарц. Манайхан эдийн засгийн идэвхижүүлье гэхээрээ мөнгө тараадаг, хувийн хэвшлийг дэмжье гэхээрээ өмнөх татварын өрийг нь хааж, маргааш татвар авахгүй л гэдэг. Энэ бол ердөө ч шийдэл биш. Харин бизнесийн орчныг нь сайжруулаад, төсвийн зардлаа танаад, өргүй байж чаддаггүй юмаа гэхэд өрөө дарчихдаг улс шүү гээд сууж байвал хувийн хэвшилд чинь хөрөнгө оруулагчид итгэнэ, манай хувийн хэвшлийнхэн ч бизнесээ хийгээд өрсөлдөөд явчихна. УИХ-ын гишүүдэд мөнгө тарааж байгаа явдал бол өмнө хэлсэнчлэн авлига. Ердөө л засаг тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигадаж байгаа хэлбэр, засаглалын ялзрал.Ийм байдал үүсч буйн нэг шалтгаан нь сонгуулийн систем. Монгол Улс нэг цул, нэгдмэл улс атал сонгуулийн систем нь томсгосон мажоритар. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогдохын тулд бодит бус амалсан амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн хөрөнгөөс тойрог руугаа зулгаацгааж байна. Тэд ирээдүйд дахин сонгогдох, иргэдэд юм хийсэн юм шиг харагдахаа л тэргүүнд тавьж, улсын эрх ашгийг хойш тавьж, төсвийг хайр гамгүй зарцуулж байна.

-Цаашдаа төсвийн хязгаар юу байх ёстой юм бэ. Яаж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх вэ?

-Төсвийг ДНБ-ий 30 хувиас давуулахгүй дөрвөн жил явахад Монголын эдийн засгийн бүх үзүүлэлтүүд сэргээд ирнэ. Ердөө л зардлаа тана, үр ашигтай ажилла. Тэгж чадвал гадаад өрийн хэмжээ буурч, хувийн хэвшил сэргэнэ. Төсөвт орлого хуримтлагдвал хойч үедээ зориулаад хадгал. Хадгаламжийн хэмжээ чинь нэмэгдээд ирэхээр улс орнууд, хөрөнгө оруулагчид итгэнэ. Зээлжих зэрэглэл сайжирч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээлийн хүү буурна. Энэ л бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 19 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top