#NoDoubleStandart хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяртай ярилцлаа.
Тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа 20 гаруй хоногийн турш өлсгөлөн зарласан. Шүүхээс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн, эмчилгээ-гэр-хуулийн байгууллага гэсэн маршрутаар гаргаад байгаа юм.
-Биеийн байдал ямар байна. Ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
-Олон хоногийн турш өлсгөлөн зарлахаар бие хордлогод орчихдог юм байна. Бөөр, цөс, дотор эрхтэний үйл ажиллагаа өөрчлөлтөд орсон байна.
Өлсгөлөнгийн үед тусгаарлалтын камерт оруулчихаад нарлах, усанд орох гэх мэт бусад боломжийг хязгаарладаг юм байна.
Хорих ангийн эмч өдөр бүр хяналт тавьж байсан. Дотроосоо хордсон, 12 орчим кг жин хассан байдалтай л гарч ирлээ. Тиймээс хордлого тайлах болон бөөр, бусад эрхтэнийг нөхөн сэргээх эмчилгээнд орж байна.
-Төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан залуус нэг л өдөр ачигдаад явчихсан. Хорих ангид өлсгөлөн зарласан. Тэндээс гарах гэсэндээ биш #NoDoubleStandart-ыг шаардсан шаардлагаа үргэлжлүүлж байна гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд тайван замаар жагсаал цуглаан хийснийхээ төлөө янз бүрийн зохиомол хэрэгт гүтгэгдэж, дээрээс нь эрх чөлөөгөө хасуулна гэж төсөөлөөгүй.
Тэгж төсөөлөөгүй, тооцоолоогүй байхад эрх чөлөөг маань хязгаарлачихсан учраас арга буюу торны цаанаас өөрөөр үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хийж чадах зүйл маань тэр л байсан. Гэр орныхонтойгоо ч олигтой таван үг сольж болохгүй, гаднаас ямар ч мэдээлэлгүй бүтэн тусгаарлалтын байдалд орчихсон. Өнөөдөртэйгөө нийлээд 45 дахь өдрөө үргэлжилж байгаа “Double standart”-ын асуудлыг хөндөж, өлсгөлөнгийн замаар үзэл бодлоо илэрхийлж чадах байсан. Түүнээс биш намайг эндээс гаргаад өгөөч, суллаад өгөөч гэсэн агуулга байгаагүй. Хоёр удаа өлсгөлөн зарлахаар өгсөн мэдэгдэх хуудастаа энэ агуулгаа тодорхой бичсэн. Тэр ч утгаар “No double standart”-ыг 461 дүгээр ангиас үргэлжлүүлж байна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж байсан.
-Ямар үндэслэлээр баривчилсан юм бэ. Хорих ангиас Д.Монголхүүг булаагаад явчихсан гэв үү, Дорнодод болсон ноцтой ослыг ил болгосных гэв үү?
-Би анх Дорнод аймагт харамсалтайгаар машинд дайруулсан С гээд залуугийн асуудлаар шүгэл үлээж, олон нийтэд ил болгосон. Учир нь видео баримтыг ил болгож гаргаж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар дарамт шахалтад өртөж байснаас олон нийтэд хүрэх боломж нь хязгаарлагдмал байсан байдаг. Гэтэл тэр үйлдэлд маань МАН-аас гаргасан гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингээд над дээр хууль бусаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэрээс баривчилж байлаа.
-Өнгөрсөн долдугаар сард болсон үйл явдал, тийм үү?
-Тийм. Долдугаар сарын 31-нд. Тэр өдөр намайг баривчилсан даруйдаа өмгөөлөгчгүйгээр эрх зүйн туслалцаа авах боломжгүйгээр мэдүүлэг авна гэж байгаад ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Тайван гэх хүн өрөөндөө оруулж, сүрдүүлж заналхийлсэн. “Чи энэ видео баримтаа фэйсбүүк дээрээсээ устгаад, энэ баримтыг өгсөн хүнээ эх сурвалжаа ил болгочих юм бол чамд хэрэг үүсгэхгүй. Эндээс асуудалгүй гараад явна. Үгүй бол чамтай хатуу чанга гараар ярина” гэж хувийн байдлаар ярьсан. Би бол цагдаагийн байгууллагын удирдлагууд болон албан хаагчдыг хуулийн дагуу ажлаа хий, эх сурвалжаа би хамгаалах эрхтэй гээд татгалзсан. Тэндээс л асуудал эхэлсэн. Мөн нийслэлийн прокурорын н.Бадрал гэж хүн бий.
Ер нь өнгөрсөн хугацаанд болсон хууль бус баривчилгаа, хэрэг үүсгэж байгаа асуудал дээр нэг зүйлийг би тийм ч сайн анзаараагүй явснаа ойлгосон. Ялангуяа сая эрх чөлөөгөө хасуулсан асуудал дээр илүү тодорхой харлаа. Прокурорын байгууллага бол хүний эрхийг маш ноцтой зөрчдөг юм байна. Бид прокуроруудад итгэдэг байсан юм билээ. Хяналтын прокурор учраас энэ хэргүүд дээр хөндлөнгөөс хянаж байдаг байх гэж бодож байтал хэлмэгдүүлэлтийн махны машинаар оруулдаг, яллахад чиглэсэн бүх зааварчилгааг өгч ажилладаг гол хүн нь прокурор байдаг юм байна. н.Бадрал гэх прокурор намайг яллагдагчаар татах бүх ажлын даалгавар, чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийг ажиллуулж байсан. Би уг нь оршин суугаа хаягтай, тэр хаяг дээрээ байнгын оршин суудаг. Хаашаа ч оргон зугтах шаардлагагүй. Дээр нь миний байгаа байршил олон нийтэд бараг л тодорхой байдаг. Өдөр бүр шахуу лайв хийж байдаг хүн. Ийм байхад над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулаад, н.Бадрал прокурор бараг 3-4 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас ирүүлснээр миний эрхэд халдаж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Намайг барьж хорих шийдвэр, ялангуяа сая шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цагаар баривчлаад араас нь залгуулаад намайг оролцуулахгүй, ар гэрийнхэн, өмгөөлөгчид мэдэгдэхгүйгээр цагдан хорих 30 хоногийн шүүх хурлыг хийчихлээ. Үүн дээр хяналтын прокурор Бадрал орсон байгаа юм.
-Хуулийн байгууллага цагдан хорих тухай танд мэдэгдсэн гэж хэлсэн гэдэг шүү дээ?
-Тэр хүн надад шүүх хурлын товыг мэдэгдсэн гэж гөрдөж байгаа. Гэтэл яг тэр үед нь 461 дүгээр ангийн камерт хоригдоостой байсан. Ингэж хууль зөрчсөн үйлдэлд нь гомдол гаргаад, тэр гомдлыг маань хэлэлцсэн шүүх хурал дээр нөгөө прокурорынхоо хоолойг анх удаа сонссон. Шүүх хуралд би хорих ангиас онлайнаар орж байгаа шүү дээ. Тэгэхэд шууд худлаа гүтгэж байсан. Шүүгчийн өмнө “Надад шүүх хурлыг мэдэгдсэн” гэж. Прокурор бүхэлдээ ийм болчихсон юм уу, ийм нөхдүүдээ дээд хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурор нь хянадаггүй юм уу.
Прокурор дээр үнэхээр олон асуудал байдаг юм байна. Сая саатуулагдаж байхад 461 дүгээр ангид 18-25 насны залуус бараг 80-90 хувийг эзэлж байна. Тэнд хүмүүсийг хориод орхичихсон, мартчихдаг юм байна. Тэдний эрх маш ноцтой зөрчигдөж байна. Хүн гэм буруутай байж болно, гэм буруугаа тогтоолгох гэж байж болно. Гэхдээ тэнд хүний үндсэн суурь эрх хангагдаж байх ёстой. Тэнд хүний нэг цаг, нэг өдөр ямар урт удаан, ямар хүнд хэцүү нөхцөлд өнгөрдөг юм бэ. Гэтэл тэнд хэдэн сараар хоригдож байгаа, бүтэн жил болчихсон залуус байна. Асуудлыг нь шүүх шийдвэрлээгүй, прокурор нь мартчихсан. Өлсөж цангаж байж прокурор нь ирж байх жишээтэй. Ийм маш олон залуус эрүүл мэнд, амь насаа эрсдэлтэй байдалд оруулж байж асуудлаа шийдүүлэхээр хүсэлт гаргадаг. Бүх асуудал прокурортой холбоотой юм байна.
-Өмнөх асуудалдаа эргэн ороход анх танаас мэдүүлэг авахаар цагдаа дээр дуудсан гэдэг байх аа. Яагаад цагдан хорихоор болчихсон юм бэ?
-Тэр үед Дорнод аймагт болсон хэрэгтэй холбоотой асуудал дээр прокурорын тогтоолоор яллагдагчаар татчихсан байсан. Тэгэнгүүтээ прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан гээд Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаад авсан. Дуудсан цагт нь 15 минутын өмнө яваад очсон. Ороод уулзахад прокурорын тогтоолд өөрчлөлт орсон гэлээ. Намайг Дорнод аймагт болсон хэрэгтэй холбоотой видео баримтыг өөрийнх нь цахим хуудаст оруулахдаа байсан байршлыг тэд нар миний өмнөөс тогтоосон байсан. Сүхбаатар дүүргийн ... хороо гээд манай гэрийн хаягийг зааж байх жишээтэй. Ингээд аравдугаар сарын 4-ний орой 461 дүгээр ангид болсон асуудалтай холбоотой яллагдагчаар татагдсан байхдаа гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн гэдгээр цагдан хорьсон. Шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг хорингуутаа эрх зүйн туслалцаа авах боломж өгөөгүй.
-Цагдан хорихдоо цагдаа нар юу гэх юм?
-Уг нь би Эрүүгийн цагдаагийн албан дээр хоригддогийнхоо өглөө 09:45 цаг гэхэд очсон. Тэндээс намайг нэг минут ч холдуулаагүй, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах буюу саатуулчихсан. Хоргоогоод л байлгаад байсан. Та байж байгаарай, кофе уух уу, цай уух уу гээд л. Ийм байдлаар байсаар орой нь шүүхийн зөвшөөрөлгүй тогтоол үйлдээд л ачаад явсан. Тэнд жижүүрийн прокурор гэж нөхөр байдаг юм байна. Тэр хүн ажлын бус цагаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилгаа явуулж байгаа мөрдөгч нарын тогтоол дээр цохолт хийдэг гэнэ. Түүнийг сонирхоод асуухад, прокурор татгалзсан тохиолдол хэр байдаг вэ гэхэд ер нь тийм тохиолдол байдаггүй. Батлаад 48 цагаар явуулчихдаг гэж байсан. Тэгэхээр энд нөгөө Цагдаагийн ерөнхий газрын даргын хэлээд байгаа 1963 оны хуучирсан тогтолцоог санагалзаад байдаг. Гэтэл өнөөдөр ч гэсэн хүний эрхийг зөрчиж байгаа асуудал хангалттай хэмжээнд байхад 1963 он руу ухарна гэж байгаа нь цагдаа, прокурорын дарангуйлал манайд нэгэнт бий болчихсон юм байна. Дээрээс нь цагдаа нар прокуроруудынхаа гарт орчихож. Угтаа цагдаа, прокурор, шүүгч нар бүгд бие даасан үйл ажиллагаатай, өөр өөрийн гэсэн хуулийн зохицуулалттай, процедуртай алба.
-Тэгэхээр та 30 хоног хоригдохоор болсноо сүүлд мэджээ?
-Шүүх хурал нь болоод дууссаны дараа ар гэрийнхэн, өмгөөлөгчид маань намайг эрж хайгаад ирэхэд нь мэдсэн. “Чамайг 30 хоног хорихоор болчихож” гэсэн. Ийм л байдлаар асуудлыг шийддэг юм байна. Би бол олон нийтийн дунд идэвхтэй байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Тийм боломж бололцоогоор хангагдаагүй маш олон иргэд тэнд маш хүнд нөхцөл байдалд эрхээ хамгаалж чадахгүй байгааг нүдээрээ харлаа. Тэр олон залуусыг тэнд хорьж, улсын зардал мөнгийг ч үрж байна. Хүний эрх чөлөөг ч хязгаарлаж байна. Хэрэг түвгийг нь шалгаж байгаа үр ашигтай ажиллагаа нь хаана нь байдаг юм, бүү мэд. Зүгээр л тэнд хүний алтан цаг, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүйгээр үрж байна.
-Хэн, хэн очиж эргэж байв?
-Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор өмгөөлөгч даваа гаригаас баасан гариг хүртэл өдөр бүр ирэх боломжтой юм байна. Гэр бүлийн хүн маань өдөр бүр ирж байсан ч долоо хоногт хоёр өдөр нь л мөрдөгч болон прокуророос зөвшөөрөл аваад орох эрхтэй. Гэхдээ мөрдөгч, прокуророос зөвшөөрөл авахаар очиж байгаа ар гэрийнхнийг нь үүдэндээ сахиулж, хүлээлгэх хүнд суртал гаргах зэрэг жижиг залхаан цээрлүүлэлтээс эхлээд маш их дарамт шахалт, хүнийг таагүй нөхцөл байдалд оруулдаг юм байна. Зарим зүйлийг би мэдэрч чадаагүй байх. Яагаад гэвэл олон нийтийн анхааралд байгаа учраас нөхдүүд зарим үйлдлээ хийж чадаагүй байх. Тэнд байгаа хүмүүсийн яриаг сонсож байхад хүний эрхийг маш ноцтой зөрчдөг асуудал яригдаж байсан.
-Тантай хамт үзэл бодлоо илэрхийлж байсан Д.Монголхүү ч мөн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна?
-Энэ асуудал үүссэнээс хойш гарч ирээд хамгийн эхний ярилцлагаа өгч байна. Ерөөс би Д.Монголхүүгийн талаар л ярья гэж бодсон юм. Түүнд маш их санаа зовж байна. Д.Монголхүү өнгөрсөн долоо хоногоос өлсгөлөн зарласан. Маш хүйтэн нөхцөлд байгаа. Яг одоо маш их даарч байгаа. Өлсөхөөсөө илүү даарч, ханиад авах хүнд нөхцөлд байгаа. Тасалгааны температур зэрэг өлсгөлөн зарлах боломжоор нь хангах талаар хорих ангийн удирдлагууд анхаараасай гэж хүсмээр байна. Цагдаа нар удаа дараа Д.Монголхүүгийн эрүүл мэндэд халдаж, өмнө нь авсан бэртэл гэмтлийг сэдрээсэн. Түүнээс биш Д.Монголхүү бусдын биед халдсан явдал байхгүй, харин ч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчихсон байгаа хүн.
Тэрээр өөрөө бол “No double standart” гээд иргэдийн хөдөлгөөн, хөндөж байгаа асуудлынхаа байр суурин дээр ямар ч эргэлзээгүйгээр хатуу байгаа. Д.Монголхүү бид хоёрт ялангуяа зохиомол хэргийг үүсгэж байгаа нөхдийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх санал, тулгалтууд удаа дараа ирсэн. Ирсээр ч байгаа. Энэ нь гэм бурууг хүлээн зөвшөөрөөд торгуулаад салах гэнэ. Үүн дээр бид хоёр хатуу байр суурийг илэрхийлсээр ирсэн. Ингэж шийдүүлэхгүй, бүх зүйлийг ном журмаар нь шийдүүлнэ гэж. Энэ асуудалд нэр холбогдсон долоо, найман залуус бий. Ямар ч гэм буруутай зүйл хийгээгүй байж яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг санал болгож, юу руу биднийг түлхээд байгаа юм. Нийгэмд биднийг юу гэж ойлгуулах гээд байна вэ. Ерөөс хэлмэгдүүлэлт ийм технологиор явдаг юм байна. Орчин үеийн аргачлал нь ийм нарийн болчихсон юм байна.
Д.Монголхүү даарч хөрөхөөс гадна гэнэтийн өвдөлтүүд өгч байсныг би тэнд байхдаа харсан. Ковидтой холбоотой 14 хоногийн тусгаарлалт гэж байдаг юм билээ. Тэр нь дуусаад би өлсгөлөнгийн тусгаарлалтад байхад манай давхрын нөгөө жигүүрт Д.Монголхүүг орж ирлээ гэсэн мэдээллийг авсан. Жижиг цонхоороо чанга дуугаар орилбол нэг нэгнийгээ байна гэдгийг мэдэх боломжтой байсан.
-Ярилцаж чадав уу, та хоёр. Д.Монголхүү юу гэж байв?
-Хэдэн үг сольж амжсан. Гэхдээ дотоод журмаараа хориотой. Эхлээд “Ахлагч аа” гээд таньдаг хоолойн өнгөөр нэг хүн орилсон. Тэгэнгүүт “Монгол уу?” гээд орилтол өөдөөс “Одко юу. Бие өвдөөд байна аа. Эмч дуудах хэрэгтэй байна” гэсэн. Би ч ахлагчийг дуудаад эмч ирж, тусламж үзүүлэх шиг болсон. Дараа нь сонсоход эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа юм билээ. Дээрээс нь эгэмийг нь гэмтээсэн, сэтгэл зүй ямар байгаа нь ойлгомжтой. Тэр зүйлүүдээс болоод Д.Монголхүүгийн хувьд асуудал хүнд байгааг мэдэж байна. Тиймээс маш их санаа зовж байна. Үнэхээр дуугүй байх боломжгүй байна. Эмнэлгийн орон дээрээс Д.Монголхүүг суллахыг шаардаж байна. Ээж нь ардчилсан хувьсгал өрнөхөд идэвх гаргаж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл байдаг. Тэр хүний сэтгэл санаа маш хүнд байгааг сошиал сүлжээндээ байр сууриа илэрхийлснийг нь хараад сэтгэл өвдөж байлаа. Хүүгийнхээ үзэл санаагаар бахархаж байгаа ч эрүүл мэнд, байгаа нөхцөл байдалд нь маш их санаа зовж байна гэдгээ илэрхийлсэн байсан.
-Та эрх чөлөөтэй болсон ч хэрэгт яллагдагчаар татагдсан хэвээр байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг санал болгож байгаа юм байна. Та ямар байр суурьтай байна?
-Өнөөдөр ямар ч эрх чөлөө байхгүй. Болж байгаа энэ үйл явдал дунд ямар ч эрх чөлөөний асуудал байхгүй. Ялангуяа миний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хүний эрхийг хангаж байгаадаа биш. Миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө эмнэлгийн байгууллага, эсвэл тухайн хэрэг явдалтай холбоотойгоор хууль цагдаагийн байгууллагаар очиж болно, эсвэл гэртээ байна гэдэг маршрутыг заасан. Эндээс нэг зүйлд гайхаж байна. Би ажлаа яах вэ. Бүтэн сар ажлаа хийгээгүй, шоронд хоригдсон. Хүн чинь ажил хийж амь зууна шүү дээ. Би гэр бүлтэй, хүүхдүүдтэй хүн. Гэтэл энэхүү хязгаарлалт дотор яагаад ажил маань байхгүй байна вэ. Би юугаар амь зуух вэ. Надад хэн ч май гээд мөнгө өгөхгүй. Бүхэл бүтэн эрх чөлөөг нь хязгаарлаж, амьжиргаагаа залгах боломжийг нь бүхэл бүтэн нэг сараар хязгаарлаж байгаад гаргаж ирээд хүн доромжилж байгаа юм шиг гурван маршрут заачихаад хүний эрхэд халдаж байна. Хорих ангид нэг маань хоригдчихсон байхад би А4-ийн цаасан дээр үг бичээд талбайн нэг буланд очиж зогсоод олон нийтэд хандаад үгээ хэлж чадахгүй байна шүү дээ. Харин ч “Чи энд үхэж гай болох гээд байна, зүгээр гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина” гээд л явуулчихлаа.
Би тэндээс намайг гаргаад өг гэж хэнийг ч гуйгаагүй. Би хэнээс ч гуйхгүй. Намайг 30 хоног цагдан хорих байсан бол тэр хүртэл мөлхөөд ч хамаагүй гарч ирнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй өлсгөлөн зарласан. Түүнээс миний үндсэн шаардлага бол double standart-аа зогсоо. Ялгавартай үйлчилдэг үйл ажиллагаагаа зогсоо. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой, түүнд Засгийн газар хүрч чадаагүй учраас хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг л тавьсан. Гэтэл өнөөдөр бид нар ганцхан сараар ухраагаад харахад есдүгээр сарын 17,18-ны тэр ёрын өдөр цахим үндэстэн арга хэмжээ болсон. Тэр өдрөөс хойш халдварын тархалт, хүмүүсийн өвчлөл, нас баралтын хэмжээ яаж нэмэгдэж байна вэ. Ямар олон гэр бүл хагацал зовлон амсчихаад байна. Энэ асуудлаар би өлсгөлөн зарлаж байхдаа Эрүүгийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах алба руу гомдол явуулсан. Надад хариу ирэхдээ “Зөрчлийн шинжтэй байна” гэсэн байсан.
Гэтэл бид double standart-ыг эсэргүүцсэний төлөө эрүүгийн шинжтэй гэмт хэрэгтнүүд болчихсон байна шүү дээ. Тийм том асуудал үүсгэсэн арга хэмжээ дөнгөж зөрчлийн шинжтэй байна гэж байх уу. Тэгээд зогсохгүй ЦЕГ-ын Зөрчлийн хэлтсээс “Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүллээ” гэж байгаа юм. Зөвхөн шинжтэй учраас, зөрчил мөн бишийг тогтооно гэсэн санаа.
Өлсгөлөн зарлаж байхдаа хэрэв надад үг хэлэх боломж олдох юм бол би үндсэн таван асуудлыг хөндье гэж бодож байсан юм.
-Хэлж бололгүй яах вэ?
-Нэгд, Засгийн газарт хариуцлага тооцох буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардаж байгаа “No double standart”-ын хүрээнд иргэдийн оролцоотой үйл ажиллагаа ямар их хичээл зүтгэл, залуусын ямар их хүсэл эрмэлзлээр явагдсан бэ гэдгийг хэлэх ёстой. Бид ном журмынх нь дагуу явсан. Өдөр бүр талбай дээр очоод цагдаа нартай зууралдаад байсан юм байхгүй, маш их бичиг цаас болж байсан. Эхлээд хүний хэлээр ярих гэж үзсэн, хүчтэй мессэж өгөх гэж хичээсэн, болоогүй. Хоёрт, Д.Монголхүүд маш их санаа зовсон. Биед нь халдаж, гэмтээчихээд яллагдагчаар татчихсан. Хууль бусаар баривчлаад аваад явчихдаг, тэгээд хууль бусаар шоронд хорьчихдог. 461 дүгээр ангитай холбоотой асуудлаар Д.Монголхүүгийн хэргийг тусгаарлаад хэрэгсэхгүй болгочихсон. Тэгэнгүүтээ төв талбай дээр цагдаа нарт гавлуулдаг үйл явдлыг тусгаарлаж, тусад нь шүүх гэж байгаа. Олон нийтийн анхаарлаас холдуулж байгаад шүүхээр оруулах гэж байна гэж хардаж байна. Гуравт, 2022 оны улсын төсөв бол тэр чигээрээ double standart-ыг хамгаалж үлдэх сүүлчийн амьсгаа нь юм шиг маш ноцтой төсөв батлаад байна. Үүн дотор бөөн double standart. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиглэл рүү ямар ч ажил байхгүй, эмч ажилтнууд руу чиглэсэн ямар ч ажил байхгүй.
Нөгөө Хэнтийд давтсан алдаа, Улаанбаатарт эвдэрч нураасан соёлын өвүүд, үр ашиггүй хөрөнгө оруулалт, баганан тулгуурт барилга зэрэг алдаануудаа 2022 онд дахиад давтах нь. Хамгийн ноцтой нь манайх парламентын засаглалтай улс. Гэтэл Засгийн газартаа төсвөөрөө дамжуулаад авлигадуулчихаад байна. Дөрөвт, хүний эрүүл мэнд, амь нас, хүүхдийн эрхийн асуудал ерөөсөө тусгагдахгүй байна.
Гурван настай хүүхэд цэцэрлэгт явах эрхгүй, дөрвөн настай хүүхэд цэцэрлэгт явж болно. 12 настай хүүхэд үйлчилгээний газарт орж болно, 11 настан нь болохгүй. Хүүхдүүдийг үнэхээр ялгаварлан гадуурхаж, амьтны төрөл зүйл шиг ангилж байна. Тавд, “Цахим үндэстэн” арга хэмжээ нь өөрөө зөрчлийн, эсвэл нэг удаагийн санаандгүй алдаа биш.
Энэ олон double standart-ын хэвшмэл болчихсон үзэгдлийн тод илрэл. Ялангуяа эрүүгийн хариуцлагатай гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар санаатайгаар халдварт өвчин тараах гэсэн ноцтой гэмт хэрэг болчихоод байгааг олон нийтэд хэлэхийг хүссэн юм.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье!
Эх сурвалж: Өдрийн сонин