УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад хариу тайлбар өгөв.
Тэрээр инфляцын талаар “Монголбанк инфляцыг 2021 онд 6+/-2 хувийн интервалд тогтворжуулах бодлоготой ажиллаж байгаа. Инфляц 8-р сар хүртэл зорилтот түвшинд байсан. Сүүлийн үед дэлхийн зах зээлд тээврийн зардал, хүнсний бүтээгдэхүүний суурь үнэ өсөж байгаагаас хамаарч Монголд мөн инфляцын түр зуурын үзэгдэл явж байна гэж харж байгаа. Өнөөдөр 8.9 хувьтай байгаа ч инфляцыг 2022 онд эргээд 6 хувьд оруулж чадна гэж үзэж байна. Учир нь инфляцын 50 хувийг гуравхан нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдүүлж байна. Шатахуун, хүнс, хатуу түлшний үнэ өсөж буй нь түр зуурын шинжтэй тул тодорхой хугацааны дараа хэвийн байдалд орно.
Инфляцын түвшин өсөхөд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулдаг ч цар тахлын дараа буюу эдийн засаг дөнгөж сэргэж буй үед ийм арга хэмжээ авах нь сэргэлтийг удаашруулах, зогсоох, сааруулах нөлөө үзүүлж магадгүй. Тэр ч утгаараа мөнгөний бодлогын төлөвөө хэвээр буюу бодлогын хүүг 9-р сарын хуралдаанаар 6%-д хадгалсан. Үүнээс гадна дэлхийн улс орнуудад ашиглагдаж буй уламжлалт бус зарим арга хэрэгсэл болох репо санхүүжилтийг олгож байна. Энэхүү санхүүжилтээр урьд нь олгосон зээлийг дахин санхүүжүүлж, хүүний дарамт буюу санхүүжилтийн нөхцөлийг зөөллөж буй” гэсэн юм.