x

Р.Амаржаргал: Туршлагагүй, мэдлэггүй хүмүүс улс орныг удирдаж яваа үед юу ч хүлээгээд нэмэргүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Ковидын үед Засгийн газрын явуулж буй бодлого хэр байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Нэг ийм орос үг байдаг юм. “Умные все стали” гэж. Ухаантай болчихож дээ, бүгдээрээ гэсэн утгатай. Аливааг өнгөрсөн хойно нь ухаантай царайлж шүүмжлээд суудаг жишиг тогтчихоод байна л даа. Мэдэхгүй ч хүн үгүй, чадахгүй ч хүн үгүй болчихож. Засгийн бодлогын хувьд бүтэлтэй явахгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан. Ковид бол хүчтэй гадаад шок. Тухайн үед хямралын эдийн засгийг хэрхэн авч явж, яг яах ёстой талаар мэдлэг, туршлага, зангарагтай боловсон хүчин байгаагүй. Одоо ч байхгүй. Туршлагагүй, мэдлэггүй, яах ёстойгоо олж харж чадахгүй хүмүүс улс орныг удирдаж яваа нөхцөлд тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй. Тийм учраас ковидын үеийн засгийн бодлогыг тийм ийм гэж шүүмжлэх шаардлага надад алга.

-Төрийн бодлого алга гэж шүүмжлэхээс нийтээрээ залхаж байна л даа. Жинхэнэ стратегичид төрд гарч ирэх хугацаа нь хэзээ бол?

-Монгол Улс тоглоомын дүрмээ 1990 онд тогтчихсон. Төр засгаа сонгуулиар бүрдүүлье, сонгуульдаа болж өгвөл гайгүй хүмүүс дэвшүүлж шударга сонгууль хийж байя, хамгийн сайныг нь сонгоод тэднээрээ удирдуулаад явъя гэж тохирсон. Тэгээд шилж сонгоод гаргаад ирсэн нь энэ шүү дээ.

-Жамаараа л хөгжиж яваа процесс, хугацаа их шаардана гэж хэлэх гээд байна уу?

-Ерөөсөө л тийм. Том зургаар нь харвал, гарцаагүй нэгээс хоёр үе шаардах процесс. Шинэ үе гарч ирж байна. Дахиад нэг шинэ үе гарч ирсний дараа хандлага, үнэлэмжийнх нь түвшин ойртож, мэдлэг, чадвар, ойлголцдог хэл нь нэг болоод ирнэ. Тэр үед цэгцрээд ирэх байх. Тийм цаг иртэл нэг их сүрхий царайлж шагширч, шүүмжлээд байх шаардлагагүй.

-Ковидын үед улс орнуудын төр засгуудад илүү их эрх мэдэл төвлөрөх болсон. Зарим улсын тухайд энэ эрх нь хэтрээд засаглалд нь сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсчих юм биш байгаа, жишээ нь манай улсын хувьд…?

-Дэлхийн түүхийг харахад дайчилгааны эдийн засгийг бүрдүүлж байж л хүчтэй шокийг давж гардаг. "Ковид-19" дэлхийн хоёрдугаар дайн шиг нөлөө цараатай том шок биш. Гэхдээ дэлхийг донсолгосон хүчтэй шок мөн үү гэвэл мөн.

Ийм үед эдийн засгийг тодорхой хэмжээнд дайчилгааны хэлбэрт оруулах ажил хийгдэх ёстой. Парламент дээр өдөр шөнөгүй цэцэрхээд суух боломжгүй. Тодорхой хэмжээнд дайчилгааны хэлбэрт оруулахын тулд шуурхай удирдлага гарцаагүй хэрэгтэй. Шуурхай удирдлагыг хангаж чадах институци нь үндсэндээ Засгийн газар. Тийм учраас Засгийн газарт тодорхой хэмжээнд эрх мэдэл шилжүүлж, ажиллах бололцоогоор хангаж өгөх нь зайлшгүй асуудал. Тэрийг нь эрх зүйн хувьд хэлбэржүүлж өгөх ажил хийгдсэн гэж ойлгож байгаа. Ямар эрх, үүргийг Засгийн газартаа шилжүүлж, ямрыг нь өөртөө авч үлдэж, шилжүүлсэн эрх, үүргийнхээ хяналтыг хэрхэн хангах ёстой вэ гэдэг нь УИХ-ын хийх ажил. УИХ тэр ажлаа хийж чадаж байгаа эсэх нь тусдаа асуудал.

-Ковидын эхэн үед санагдаж байна, одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг гэж байхгүй, төрийн зохицуулалттай эдийн засаг гэж л бий” гэсэн утгатай үг унагасан удаатай. Тэгээд л танаас ковидын үеийн засаглалын талаар асуумаар санагдсан юм…?

-Үнэхээр тэгж хэлсэн бол би хувьдаа тэр мэдэгдлийг тэнэглэл гэж хэлнэ.

-Төрийн зохицуулалт уул уурхай дээр тод анзаарагдах болсон. Нэг иргэнээр гомдол гаргуулаад лиценз цуцлах шийдвэрүүдийг шүүхээс гаргачихдаг, тэр нь бүр байдаг л үзэгдэл болчихсон, “Эрдэнэс Монгол”-ын доор охин компаниуд нэмж байгуулсаар яваа гээд тоочвол өчнөөн кейс байна л даа?

-Төрийн зохицуулалт гэж юу болохыг зөв томьёолох хэрэгтэй. Тухайлбал өмчийн эрхийн асуудал байна. Хүн өмчтэй байж л юм бүтээдэг. Бүтээснийхээ үр шимийг хүртэхгүй бол өмчтэй яваагийн утга гарахгүй. Өмчийг нь хэн нэгэн айлгаж сүрдүүлээд дээрэмдээд авчихвал бас утгагүй. Тийм учраас өмчийн эрх гэж байх учиртай. Ажил, бизнес хийж амьдрал ахуйгаа залгах гэж яваа хүмүүсийг өмчтэй байлгаж, өмчийн эрхийг нь баталгаажуулж, өмчөө өсгөж үржүүлэх болон өмчийг нь ямар нэгэн халдлагаас хамгаалах гэх мэт орчныг төр бүрдүүлж өгөх ёстой. Энэ чинь төрийн зохицуулалт. Төрийн зохицуулалт дээр бас нэг асуудал бий. Монголын төр улс орныг, эдийн засгийг удирдаж авч явах үйл ажиллагаандаа чухам хэнд түшиглэх вэ гэдэг асуудал. Би бүгдийг мэднэ, би чамаас ухаантай, учир нь би төрийн тэргүүн, УИХ, Засгийн газрын гишүүн гэж ойлгодог нэг хэсэг байна. Зүй нь төрийг удирдаж залж чиглүүлж яваа эрх мэдэл маань ард олноос угшилтай, тэдний надад итгэж өгсөн зүйл учраас би ард иргэддээ итгэх ёстой гэсэн хандлагаар ажиллах учиртай. Ийм том философийн асуудлыг төр удирдаж яваа хүмүүс маш сайн ойлгосон байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр тийм юм алга. Ямар нэг асуудал гарлаа гэхэд гал унтраах зарчмаар ажиллаад, тэр ажлаа хэрэгжүүлэхдээ аль болох ард иргэдээ үгүйсгэсэн өнгөөр хандаад байна л даа. Засгийн газрын ковидын үед гаргаж байгаа шийдвэрүүд нь иймэрхүү өнгөтэй яваа.

-Иргэддээ итгэсэн өнгөгүй гэж үү?

-Тэгж л анзаарагдаж байна. Нэг л их “Би мэднэ, би чадна” гэсэн хүмүүс харагдах юм. Хамгийн сайн чаддаг ажил нь хорь, хаа, зогсоо, буулга гэсэн хандлага л байна.

-Ер нь төр компани байгуулаад хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөөд явах нь хэр зөв хандлага гэж та харж байна?

-Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь “Хамгийн түрүүнд төрийн өмчит компаниудаа бүгдийг нь хувьцаат болго, тэгэхгүй бол наад компаниуд чинь булай болж гүйцлээ. Асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, өр зээл, алдагдалтай, улс төрийн шахааны хүмүүсийн цугладаг газар болчихлоо” гэсэн утгатай үг хэлж байсан. Хэрвээ төрийн өмчит компаниудыг хувьцаат болгочихвол наад зах нь улстөрчдийн ойр тойрны шахааны хүмүүс гэсэн асуудал арилна. Бизнесийнхээ зарчмаар яваад ирэхээр улстөрчдийн элдэв бохир юм хийх үүд хаагдана. Улс төр тодорхой хэмжээнд цэвэрших процесс өрнөнө.

-Хувийн бизнесийнхнийг дарамтлах төрийн шахалт багасахгүй, харин ч ихсэх шинжтэй анзаарагдах юм. Танд бүр тод анзаарагддаг байх…?

-Төр хувийн бизнес рүү орж дарамталж шахдаг тухай асуудлыг яриад нэмэргүй. Мэргэжлийн хяналт энэ тэр гээд яривал замбараагаа алдсан. Яаманд сууж байгаа хүн бүр өөрийгөө дарга гэж ойлгодог. Жишээ нь, Боловсролын яамны дарга, мэргэжилтнүүд өөрсдийгөө манай СЭЗИС-ийн багш нарын дарга нь гэж ойлгоод байна. Тийм ч, ийм ч хүүхэд элсүүл гэж шахаад. Боломжгүй гэсэн хариу өгчихвөл шалгуулна гэж дарамтална. Бизнесийнхэн энэ хандлагын эсрэг дангаараа тэмцээд дийлэхгүй болохоороо авлигыг нь өгье, хүүхдийг нь элсүүлье гэдэг. Энэ хандлага бүр норм маягийн болчихсон. Үүний эсрэг дуугарч нэгдэж чадах мэргэжлийн холбоод нь бүрэн гүйцэд төлөвшиж амжаагүй байна л даа. МҮХАҮТ гэж нэг газар бий. Дуугарах гээд оролдоод байгаа харагддаг. Гэхдээ хийж байгаа ажил нь юу вэ гээд харахаар хэдэн дарга нартай бизнесийнхнийг уулзуулахаас хэтэрдэггүй. Бизнесийнхэн өнөө арга хэмжээн дээр нь очиж зовлонгоо тоочоод л өнгөрдөг. Би нэг тийм уулзалтын дараа нэлээд том даргатай уулзсан юм. Өнөө дарга “Хэдэн бизнеснийхний хийг нэг өдөржин гаргалаа” гэж яриад сууж байх жишээний. Төр, бизнесийнхний уулзалтын гол зорилго нь хувийн хэвшлийнхнээр зовлонг нь яриулж хийг нь гаргах гээд та төсөөл дөө. Гадна талдаа МҮХАҮТ, төрийн том дарга нар ажил хийсэн болж харагдаад өнгөрч байна. Ийм маягаар л бидний ажил явж байна.

-Саяхан Европын нэг улсын Ерөнхий сайд жаран насны ойгоо ойр дотныхонтойгоо тэмдэглэж ковидын дэглэм зөрчсөн гээд 3000 еврогоор торгуулсан. Гэтэл манай Ерөнхий сайд олныг хамарсан шоунд оролцчихоод өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хийгээд өнгөрсөн. Улс орны хөгжилд улстөрчдийн этик гол нөлөө үзүүлээд байх шиг санагддаг. Манай улстөрчид өндөр ёс зүйтэй болоход бас л түрүүн хэлсэн шиг хоёр үе солигдох хэрийн хугацаа шаардах уу?

-Улс төрийн этик төлөвшдөг процесс мөн л тодорхой хэмжээгээр хугацаа шаардана. Сая таны хэлдэг жишээний хувьд бодлого, үйл ажиллагааных нь зөрчил илэрч байгаа хэрэг. Ковидтой тэмцэнэ, нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж болохгүй гэчихээд дараа нь тэрийгээ үгүйсгэсэн мэдэгдэл хийгээд суусныг бултаараа харсан. Тэр арга хэмжээг зохион байгуулсан учир шалтгааныг би сайн мэдэхгүй байна. Үнэхээр технологийн чигээ хөгжүүлье гэсэн чин хүсэл байсан уу, эсвэл ээлжит шоугаа хийж ухаалаг царай гаргая гэсэн үү бүү мэд. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. Ковид биднээс салахгүй. "Ковид-19" гэдэг бол зүгээр л цэцэг нь. Жимс нь гарах болоогүй. Ковид 29, 39, 49 гээд үргэлжилнэ. Ийм нөхцөлд бид яаж амьдрах, төр засаг нь юу хийх, бизнесүүд нь яах ёстой юм гэдгийг цоо шинээр томьёолж харж ойлгож, болзошгүй трендүүдийг гаргаж ирж тодорхойлох ёстой. Товчхондоо болзошгүй аюулт үйл явдлуудад хэд хэдэн сценарийг гаргаж ирээд, тэрэндээ тулгуурлаж бодлогоо томьёолоод явах ёстой. Дахиад хэлэхэд, ковид биднээс богино хугацаанд салахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ковидтой яаж зэрэгцэж аж төрөх вэ гэдэг асуудал л чухал болоод байна.

-Ковид дэлхийн дэгийг өөрчилнө гэсэн үг давтамжтай сонсогдох боллоо л доо. Ковидтой зэрэгцэж амьдрахын тулд бид эхлээд дэлхий яаж өөрчлөгдөхийг харах ёстой байх, тийм үү?

-CNN-ийн алдартай тоймч Fareed Zakaria “Ковидоос авах арван сургамж” гэсэн ном бичсэн. Ковид төрийн зохион байгуулалт, эрүүл мэндийн салбар, гадаад бодлогыг яаж өөрчилж байна вэ гэсэн асуулт тавиад анализ хийсэн байна лээ. Ковидын нөлөөг хүмүүс янз бүрийн сценари гаргаж ирээд зүсэн бүрээр бичиж байна. Миний хувьд нэг зүйлийг л олж харах гэж оролдоод явна. Ковид хүний үйл хөдлөл, зан байдал, мөн чанарт ямар эффект үзүүлж байна вэ гэдэг нь сонирхолтой санагдаад байгаа. Хүн гэдэг амьтан хаа сайгүй зугаалж, хэсүүчлээд явдаг зуршлаасаа салж эхэлсэн үү, сонголт хийхдээ рациональный буюу зохистой сонголт хийж байна уу, эсвэл өмнөх шигээ сэтгэлийн хөдлөлдөө автаж сонголт хийдэг янз байдлаараа аж төрж явна уу гээд ухаж харах асуулт олон байна. Монгол ялна гэхээр дайраад орчихдог, та баялагтаа эзэн шүү гэхээр хөөрч алга ташаад явна уу, өөрчлөгдөв үү гэдэг их сонирхолтой сэдэв.

-Тэгвэл ковид хүнийг хэр өөрчилж байгаа бол?

-Судалгаа бий, хийгдэж байгаа. Ковидыг байгальдаа дэндүү харгис хандаж ирсний сануулга дохио ч гэж харж болохоор. Энэ утгаараа ногоон хөгжлийг дэмжсэн бодлого, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах хандлага хүчтэй байна л даа. Төр засгуудын хандлагыг ярихаа азная. Хувь хүмүүс дээр гарч ирж буй трендүүд сонирхол татаад эхэлчихлээ. Өмнө нь хүн бүр хувьдаа дугуйтай, машинтай, оффистой амьдрах хандлага хүчтэй байсан бол одоо бүгдийг дундаа хэрэглэх соёл түгж байна. Би саяхан шоконд орохоор нэг мэдээ уншлаа. АНУ-д залуус нь жолооны үнэмлэхтэй болохоос татгалзах тренд гараад ирж. АНУ бол машингүй хүн хөлгүйтэй адил болчихдог, машин нь өдөр тутмын хэрэглээ болчихсон улс. Гэтэл ийм онцлогтой улсын залуус нь байгальдаа ээлтэй аж төрөхийн тулд жолооны үнэмлэхээс татгалзаж нийтийн тээвэр хэрэглэе гэцгээж байна. Ийм концепци, сэтгэлгээ, соёл залуусын дунд түгж эхэлж байгаа нь гайхамшигтай. Би Английн “Тотенхем спүрс” багийг дэмждэг юм. Тэр багийн тамирчин Лукас Моура саяхан лайв хийхдээ хөгжөөн дэмжигчиддээ хандаж “Бидний тоглолтыг үзэхээр ирэхдээ болж өгвөл эко аялал хийгээрэй” гэж уриалсан. Нийтийн тээврээр, дугуйгаар ч юмуу, боломжтой бол алхаад ирээрэй, хөлбөмбөг үзэхдээ эко аялал хийж ирвэл байгаль дэлхийгээ, ногоон эдийн засгийг дэмжиж байгаа хувь нэмэр чинь шүү гэсэн утгатай уриалга байсан л даа. Энэ бол иргэддээ итгэсэн гоё хандлага, сэтгэлгээний том соёл. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хүн бүр оролцож болно гэсэн итгэл нийгэмд төрнө гэдэг том үр дүн. Гэтэл манайд эсрэгээрээ, Ерөнхий сайд нь гарч ирчихээд “Манай Засгийн газар ногоон эдийн засгийг хөгжүүлнэ” гэж цээжээ дэлддэг. Иргэндээ итгэсэн эерэг хандлага үнэртдэггүй. Уг нь Ерөнхий сайд нь уриа хашгирч, Ерөнхийлөгч нь сэлэм эргүүлээд байх шаардлагагүй. Хүн бүр хувь нэмрээ оруулаад явбал энэ дэлхий ертөнц өөр болно. Харин төр иргэдийнхээ байгалиа хайрлаж, ногоон эдийн засгийг илүүд үзэж байгаа хандлагыг дэмжих ёстой. Наад зах нь дугуйн зам тавиад өгчих хэрэгтэй. Харамсалтай нь манайд тэгэхгүй байна л даа. Асуудал гарахаар л өдөр тутмын юм руу гүйлдэж ороод, өнөөх нь бүтэлгүйтэхээр “За за, бүтэхгүй юм байна. Ингэснээс ийм өндөр албан тушаал дээр байгаа дээрээ хэтэвчээ зузаатгаж, ойр тойрныхноо мөнгөжүүлээд бууя” гэсэн сэтгэлгээтэй өдөр хоногийг өнгөрөөж байна.

Үргэлжлэл бий...

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 31 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top