Хуульч Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Манай улсын хүн амын дунд “Ковид-19” вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчдын зүгээс Ковидын тухай хуулийг боловсруулж баталсан байдаг. Тэгвэл цар тахлын үед хэрэгжиж буй энэхүү хууль ард иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж чадаж байна уу?
-Хүн амын дунд цар тахлын өвчлөл дэгдсэн учраас УИХ-аас яаралтай арга хэмжээ авч, коронавирустэй холбоотой асуудлыг зохицуулахын тулд Ковидын тухай хуулийг боловсруулж баталсан байдаг. Улмаар вирусийн халдварыг бууруулах зорилгоор УИХ-аас өөрийн эдлэх эрхээ Засгийн газарт шилжүүлсэн. Тодруулбал, Засгийн газар нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр тавих, цагийн хязгаарлалт тогтоох, иргэд хоорондоо зайнаас харьцах гэх мэтчилэн найман гол арга хэмжээг авах эрхийг тусгаж өгсөн. Ингээд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор нийт дөрвөн удаа хөл хорио тогтоосон байдаг. Энэ мэтчилэн арга хэмжээ авсан ч үр дүнгүй болсон. Хоёрдугаарт, цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр улсын төсвийг Засгийн газар өөрийн мэдлээр зарцуулах эрх Ковидын тухай хуулийн хүрээнд шилжсэн байгаа. Чухамдаа энэ чинь УИХ-д байх ёстой хамгийн том эрх шүү дээ. Гэтэл үүнийг Засгийн газар руу шилжүүлсэн гэсэн үг.
Ингэж төсөв мөнгөтэй холбоотой эрх шилжсэнээр Засгийн газрын нөөц сан нь нэг жилийн хугацаанд 40 тэрбум төгрөг байхаар баталсан. Гэвч энэ оны Зургадугаар сарын 15-ны байдлаар 2021 онд зарцуулах 40 тэрбум төгрөг нь сангийн хөрөнгөөсөө 12.4 тэрбумаар илүү гарсан үзүүлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ их мөнгийг зарцуулсан ч цар тахлыг хумьж чадаагүй. Тэгвэл тухайн 40 тэрбум төгрөгийг Засгийн газар чухам юунд зарцуулсан юм бэ, энэ талаарх мэдээлэл одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Засгийн газрын зүгээс тайлан тавьж, мэдээлэл хийгээгүй нь хамгийн том асуудал юм.
-Ковидын үед иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчих асуудал цөөнгүй гарсан байдаг. Тэгвэл Ковидын тухай хуульд иргэдийн эрх, үүргийн харилцаа хэрхэн зохицуулахаар тусгасан юм бол?
-Монгол Улс гурав дахь вакцинжуулалтаараа дэлхийд зургадугаарт жагсаж байна.
Ингэж хүн амын дунд вакцинжуулалтаар дээгүүр эгнээнд жагсаж байгаа мөртлөө дельта хувилбарын тархалтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг талаар вакцинаараа ч тэргүүлээд байдаг, халдвараараа ч тэргүүлээд байдаг. Гэтэл дөнгөж нэг, хоёр дахь тунгаа хийлгэсэн Япон улсын өдөрт илрэх халдварын тохиолдол нь манайхаас бага, нас баралт байхгүй. Тэгэхээр манай Засгийн газар юун дээр алдсан талаараа тайлан тавьж иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөөгүй байгаа. Энэ бол Ковидын эрхийн хуулиараа иргэдийн эрхийг зөрчиж байгаа хамгийн том факт юм.
Түүнчлэн Засгийн газраас ковид туссан нэг иргэнийг найман сая төгрөгийн багц эмчилгээгээр эмчилж байна гэх мэдээллийг анх өгч байсан. Чухам ямар ямар бүтээгдэхүүн багтсанаар найман сая төгрөгийн өртөгтэй эмчилгээ болоод байгаа талаар мэдээлэл тайлан гаргаагүй. Улмаар үүнд иргэд эргэлзэж эхэлсэн. Хоёрдугаарт, УИХ дахь чуулганаар Ковидын тухай хуулийг сунгах эсэх талаар хэлэлцүүлэг болоход Засгийн газар нэг хүний эмчилгээний зардлыг дөрвөн сая болгож орж ирсэн. Гэвч энэ хэлээд байгаа дөрвөн сая төгрөг нь хаачив аа гэдэг ийм асуудал бий. Ковидын тухай хуулийг сунгасан хугацаандаа ямар төлөвлөгөө хэрэгжүүлж халдварыг дарах юм бэ гэх асуултад Засгийн газар бас л хариулж чадаагүй. Ерөөс ямар ч төлөвлөгөөгүйгээр зүгээр сунгасан. Тэгээд өнөөдрийн байдлаар дельта нь газар авчихлаа.
Хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх биш, эсрэгээрээ ковидыг илүү тараах нөхцөлийг Засгийн газар өөрөө бүрдүүлээд өгсөн гэж хувьдаа үзэж байгаа. Уг нь Ковидын тухай хуулиараа олон нийтийн цугларалт, бөөгнөрлийг хязгаарлана хэмээн зааж, журам гарган мөрдүүлж байсан.
Гэтэл энэ журмаа зөрчөөд сонгууль зохион байгуулсан. Энэ нь иргэдийн бухимдаж байгаа асуудал энэ.
-Ковидын тухай хуульд эм эмчилгээ, тоног төхөөрөмжийн хангамжийн талаар юу гэж заасан байдаг юм бол. Коронавирусийг илрүүлэх шинжилгээний урвалж хомсдолд ороод байгаа талаар мэдээлэл бий?
-Зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдварын мэдээнд оруулж тооцож байна л даа. Өөрөөр хэлбэл, тестээр үзээд эерэг гарч байгаа тохиолдлыг тухайн өдрийн мэдээнд оруулахгүй байгаа. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмж хаана, юу гацсан гэх мэтчилэн асуудал үүсч байгаа юм. Уг нь 2020-2021 онд нийслэлд найм, орон нутагт 11 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулан ашиглалтад оруулна гэх төлөвлөгөөг Эрүүл мэндийн яам, Засгийн газраас өгсөн. Гэвч тэдний хэлээд байсан хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь хаана байгаа юм бэ.
Нэг ёсондоо Засгийн ажил зөвхөн ярьдаг хэлдэг зүйл л болчихоод байна. Хоёрдугаарт, 2020-2021 оны хугацаанд 534 амьсгалын аппаратыг нөөц болгон бэлдсэн гэж байгаа. Эдгээр нөөцөлсөн аппаратууд хаана байгаа нь тодорхойгүй. Энэ талаар тайлан мэдээлэл мөн л алга. Тэгэхээр ажил, яриа хоёр зөрдөг нь үүнээс харагдаж байгаа юм. Түүнчлэн төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд 204, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад 57, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 128 ширхэг амьсгалын аппарат хуваарилан үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл бий. Хэдийгээр албаны ийм мэдээ байгаа ч бодит нөхцөл дээрээ дүгнэлт, судалгаа тайлбарыг ерөөс хийгээгүй. Ковидын тухай хууль дотроо тоног төхөөрөмж хангалт, эм хангалт, хүнс бараа бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх гээд гурван ширхэг багц яваад байгаа юм.
Энэ багцын нөөц бүрэн байгаа, мөнгөө төсөвлөчихсөн гээд төсвийн тодотголоор Эрүүл мэндийн яамны төсвийг хэдэн тэрбумаар нэмж өгсөн байхгүй юу. Гэтэл өнөөдрийн байдлаар оношлуур тасарсан учраас иргэдээс PCR шинжилгээ авч чадахгүй байгаа. Тийм учраас оочер дараалал үүсгэж байна гэсэн асуудал бий. Чухамдаа энэ оношлуур нь юунаас болж гацаж байгаа талаар ганц ч тайлбар хэлээгүй. Оношлуурын нөөц цаанаасаа дууссан юмуу, авах боломж бүрдээгүй, эсвэл санхүү нь байхгүй юмуу, тээвэр ложистиктой холбоотой гацалт бий болсон уу гэх мэтчилэн олон асуулт байна. Энэ талаар бүхэл бүтэн Эрүүл мэндийн яам нь мэдээлэлгүй байна гэдэг чинь иргэдийн эрхэд асар их халдаж буй үйлдэл юм. Үүнээс үүдэн шинжилгээгээ өгч чадахгүй явсаар ковидын тархалт нэмэгдэх эрсдэл бий.
Дээрээс нь зөвхөн PCR-аар баталгаажсан хүмүүсийг ковидоор өвчилсөнд тооцож байна. Гэвч түргэвчилснээр эерэг гараад PCR-ын дараалалд зогсоод ч шинжилгээ өгч чадахгүй байгаа хүмүүс нь нөгөө халдварыг тараагаад яваад байх эрсдэл бий. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын бодлого, иргэдийн амьдрал хоорондоо газар тэнгэр шиг зөрүүтэй болчихож байгаа юм. Засгийн газар Ковидын хуулийнхаа дагуу эдийн засгаа хумьж чадаагүй, иргэдийн татварын мөнгийг үргүйдүүлсэн ийм явдал болж хувирч байна.
-Коронавирусийн халдвар авсан иргэдийн эм, эмчилгээний зардалд найман сая төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлэл нэг хэсэг олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ талаар Ковидын тухай хуульд хэрхэн дурдсан байдаг юм бол?
-Эрүүл мэндийн байгууллагаас 4-8 саяар эмчилж байсан нөгөө айхавтар үнэтэй эмчилгээг иргэд хувиараа эмчлээд эхэлсэн чинь 100-200 мянган төгрөг болж байна. Ингээд Засгийн газраас олгогдсон эрхийнхээ дагуу Арбидол эмийг захиалсан. Гэвч саяхан 50 тэрбум төгрөгийн Арбидол эмийг наашаа захисан байтал Эрүүл мэндийн яамнаас нь “Арбидол эмийг хэрэглэж болохгүй” гээд зарлах жишээний. Одоо энэ эмийг ууж байсан иргэд хохирох юм уу, яг ямар үндэслэлээр үүнийг хорьж байгаа юм бэ. Тухайлбал, сөрөг үр дагавар гараад хорьж байгаа юм уу, яасан эсэх нь тодорхойгүй хэвээр.
-Тэгэхээр Ковидын тухай хуулиар далайлган иргэдийнхээ эрх чөлөөнд ноцтой халдаж, үндсэн эрхийг нь зөрчиж байна гэсэн үг үү?
-Ковидын тухай хуульд заасны дагуу бид эрхээ эдэлж чадахгүй байна. Нөгөө талаас Засгийн газар үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадсангүй, орлоготой болгож чадсангүй. Уг нь хуульд зааснаар энэ эрхийг нь хамгаалах үүрэгтэй. Харин ч татварын мөнгийг нь үгүй хийгээд дуусгасан. Өнөөдөр иргэд эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй байна шүү дээ. Ерөнхийдөө Ковидын тухай хууль чинь иргэдийн эрхийг бодит байдлаар зөрчиж байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд, дайн болон онц байдал зарласан үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болно гэж заасан. Гэтэл дайн болон онц байдал зарлаагүй энэ үед Ковидын тухай хууль гаргаж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.
Уг нь манайх чинь НҮБ-ын томоохон конвенцод нэгдсэн улс шүү дээ. Цаад утгаараа хөдөлмөрлөх эрхгүй болгож байна гэдэг чинь амьжиргаагаа залгуулах эрхгүй болгож байна гэсэн үг. Нэг ёсондоо хүний амьд явах эрхэд ч нөлөөлж болох ийм зөрчилтэй заалтыг Ковидын тухай хуульд оруулж өгсөн нь хамгийн том зөрчил болж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин