Улс төр, нийгмийн амьдрал нам гүмхэн, амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатарын Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй уулзахдаа өгсөн үүрэг даалгавар олныг цочоолоо. УИХ-ын дарга өөрийн шууд харьяаллын Төв банкинд том дэвсгэрт гаргах судалгаа хийхийг даалгасан.
Тэгвэл УИХ-ын даргын энэ үүрэг Монгол Улсын хувьд зөв алхам мөн үү.
Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэртийг гаргах судалгаа хийхийг Төв банкинд даалгалаа. Та УИХ-ын даргын энэ чиглэлийг хэрхэн харж байна вэ? Манайд том дэвсгэрт гаргах шаардлага үүссэн үү?
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дахь үйлдвэрлэл буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлээгүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт буурсан, гадаад өр төлбөр нэмэгдсэн, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортолж байгаа ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргавал эдийн засгаа булшилж байгаагаас ялгаагүй. 1990 он руу ухарсантай адил болно.
-УИХ-ын дарга мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримтлахын Монголбанкинд даалгасан. Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэх үү?
-Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэхгүй. Мөнгөн дэвсгэрийн үнэ цэнэ олон зүйлсээс шалтгаалдаг. Жишээ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг олон асуудлаас хамаарна.
-Том дэвсгэрт гаргахын үр дагавар юу вэ? Эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдалд сөрөг үр дүн л гарна. Инфляцийг маш ихээр өдөөж өгнө. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй болно. Удаан үргэлжилбэл өдөр тутмынхаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах чадваргүй болно. Өөрөөр хэлбэл төлөөсийг нь ард иргэд төлнө. Мөн хүмүүсийн төгрөгт итгэх итгэл буурч, валют ихээр худалдаж авах болно.
-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй байх гарц нь юу вэ?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Венесуэл, Зимбабве зэрэг орны хэмжээнд арай ч хүрээгүй байна. Энэ орнуудын гиперинфляци буюу инцляци нь 1.000.000 хувь хүрчихсэн байгаа.
Эдийн засаг нь тогтвортой, урт хугацаанд өсөж байгаа улс орнууд том мөнгөн дэвсгэрт тэр болгон гаргаад байдаггүй. Эдийн засгийн өсөлтөд гадаад хөрөнгө оруулалт, экспорт чухал. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэн буюу хөнгөвчилсөн эдийн засгийн реформууд хэрэгтэй байна. Мөн төсвийн алдагдлыг бууруулж, нөхөхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй.
-Ер нь ямар тохиолдолд улс орнууд том мөнгөн дэвсгэрт гаргадаг вэ?
-Улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд том мөнгөн дэвсгэртийг гаргадаг. Гэхдээ тухайн орон хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалтгүй бол эргээд урт хугацаандаа эдийн засагтаа илүү хохиролтой. Хэрвээ ийм нөхцөлд том дэвсгэрт гаргавал инфляцийг өдөөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж хяналтаас гарна. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ихээхэн бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь Венесуэл, Зимбабве зэрэг орон гиперинфляцтэй тэмцэхэд ийм алхмууд хийсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Өнөөдөр энэ орнуудын эдийн засаг нь ямар байгаа билээ, та бүхэн мэдэж байгаа байх.
Эх сурвалж: SHUUD.MN