Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргатүүхийн ухааны доктор(Ph.D), доктор Б.Өмирбектэй ярилцлаа.
-Соёлын яамны харьяанд шинээр байгуулагдсан Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа ямар чиг үүргийг хэрэгжүүлж, ямар бодлого баримталж ажиллах учиртай байгууллага вэ?
-Байгууллага гэхээсээ илүү “захиргаа” гэж хэлж болно. Албан ёсны нэршил нь Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа. Захиргааны үндсэн чиг үүрэг нь Монгол Алтайн хадны зургийн хадгалалт, хамгаалалтад анхаарах, хяналт шалгалт хийх, олон нийтэд сурталчлан таниулах, менежментийг сайжруулахад оршино. Монгол Алтайн хадны зураг маш том, өргөн хүрээний газар нутгийг хамардаг. Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймаг хүртлэх өргөн удам нутгийг эзэлж байна. Манай захиргааны хувьд Монгол Алтайн хадны зургийн цогцолборт хамаарагддаг одоогийн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт багтдаг Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор зэрэг газрууд дахь Дэлхийн өвүүдийг хамарсан үйл ажиллагааг явуулах юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц болон түүний Үйл ажиллагааны удирдамжид нийцүүлэн дээрх Дэлхийн өвүүдийг хамгаалахаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааг байгуулж, бүтэц, орон тоог баталсан.
-Та сая цогцолбор газрууд гэж хэллээ, энэхүү цогцолбор газрууд ямар онцлогтой вэ. Дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалууд уу?
-Тийм ээ. Монгол Алтай ч Монголын бусад газрууд ч хадны зургаар нэн баялаг. Гадны эрдэмтэд ч үүнтэй санал нэг байдаг. Монгол эрдэмтэн судлаачид олон жилийн өмнөөс бие даан судалгаа хийж, гадаад дотоодын хамтарсан судалгаагаар дээрх цогцолбор газруудыг илрүүлэн судалсан байдаг. Цогцолбор гэдэг нь хадны зургийн томхон орд газрууд л гэсэн үг. Хадны зураг нь хад цохионд сийлсэн хэдхэн янгир, аргаль, буга, үхрийн дүрс, дүрслэлээр хэмжигдэхгүй. Түүнийг тайлан уншсанаар хүн төрөлхтний түүхэнд, наашлаад улс үндэстний түүхэнд холбоотой асар их хэмжээний мэдээллийг өөртөө агуулж байгааг мэдэж болно. Түүнээс гадна олон шинжлэх ухаан энэхүү хадны зурагт нуугдан оршиж байдагт түүний гайхамшиг оршино. Өөрөөр хэлбэл уран зохиол, утга зохиол, урлаг, соёл, уран зураг, газар зүй, одон орон судлал, шашин судлал, математик тооцоолол, геометр гэх мэт маш өргөн хүрээг хамарсан судлагдахуун хадны зурагт байдаг. Нар сарны бэлгэдэл, зан заншил, нүүдэл суудал, гэр бүлийн харилцаа гэх зэрэг хүмүүн төрөлхтний оюун санааны түүхийг ч судалж болно. Тиймээс дээрх дурсгалт газрууд нь хадны зургийн тоо, хамрах талбай, өөр хоорондох холбоо хамаарал, байршил гэх мэт үзүүлэлтүүд, мөн шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдлоороо бусад газрын хадны зургаас ялгаатай учир цогцолбор хэмээн нэрлэж байгаа юм.
Хадны сүг зураг дан шинжлэх ухааны явцуу хүрээнээс хальж нийгэм, соёлын чухал нөлөөтэй болж байгаагийн нэг илрэл нь Баян-Өлгий аймгийн нутагт байх Цагаан салаа-Бага Ойгор, Арал толгой, Дээд Цагаан гол (Шивээт хайрхан)-ы хадны дурсгалт газруудыг багцаар нь 2011 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн 35 дахь ээлжит чуулганаар “Дэлхийн соёл”-ын өвд бүртгүүлсэн явдал болно. Манай археологчид, эрдэмтэд, соёл судлаачид, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Археологийн хүрээлэнгийн удирдлагууд судалгаа шинжилгээний баг урт хугацаанд энэ ажилд зүтгэсэн.
Нөгөө талаар Монгол Алтайн хадны зураг нь нүүдэлчдийн эртний соёл иргэншлийн нэгэн чухал бэлэг тэмдэг төдийгүй хүн төрөлхтний нийтлэг соёлын үнэт зүйл болсныг энэ үйл явдал харуулж байгаа болов уу.
-Та түүхийн ухааны эрдмийн зэргийг археологийн шинжлэх ухааны сэдвээр, тодруулбал яг энэхүү хадны зургаар хамгаалсан. Монгол хадны сүг зургийн цогцолборыг орд газар гэж үзвэл хэр баялаг агууламжтай, хүн төрөлхтний түүхэнд ямар үнэ цэн хүрэх баялаг вэ?
-Би Баян-Өлгий аймгийн Буянт сумыннутаг дахь Хойд Хөлцөөтийн хадны зургаар “Монгол Алтайн нурууны Хойд Хөлцөөтийн хадны зугийн судалгааны асуудалд” сэдвээр 2013 онд эрдмийн зэргээ хамгаалсан. Хадны зургаар оюутан цагаасаа судалгаа хийж эхэлсэн гэж болно. Оюутны эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлдэг байх үеэсээ археологийн шинжлэх ухаанд хөл тавьсан гэж болно.
Хадны зураг нь эртний хүмүүсийн оюун сэтгэлгээний хөгжлийг даган түүхэн урт удаан хугацааны явцад хөгжин хувьсаж, тэдний урлаг ба оюун санааны хөгжлийг илэрхийлсэн түүх-соёл, археологийн үнэт дурсгал юм. Бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад хадны зураг нөхөж баршгүй чухал сурвалж болж, эртний хүмүүсийн сэтгэлгээ, хүсэл мөрөөдөл, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, зан үйл, аж ахуйн талаарх үнэтэй мэдээллийг агуулдаг юм. Археологийн бусад төрлийн дурсгалаас хараахан олж авч чадахааргүй зарим мэдээллийг хадны зургаас авч болдгийн хувьд түүх-соёлын судалгааны онцгой чухал ач холбогдолтой дурсгал гэж ойлгож болно.
Эдгээр дурсгал нь харьцангуй урт настай хад чулуу, цохионд урлан бүтээсний хувьд он жилийн уртад дүр төрх, хэлбэр байдлаа алдалгүй бидний өвөг дээдсийн оюун санааг дамжуулан өртөөлж ирсэн үнэт өв, нэгэн ёсны оюун санааны гүүр юм. Хадны зургийн дүр дүрслэл, утга агуулга зарим тохиолдолд илэрхий мэт байх боловч дийлэнхдээ нууцлагдмал шинжтэй байх бөгөөд тайлан унших, нээн тодруулах ажил судлаачдаас нарийн нямбай ажилбар, нөр их хөдөлмөр шаардаж байдаг.
Тэдний эрхэлж байсан аж ахуй, амьдарч ирсэн хүрээ, газар нутгийн онцлогоос хамааран Монгол орны хадны зургийн хэв загвар, зохиомж, агуулга нь нийтлэг нэгэн шинжтэй байдаг нь эрт дээр үеэс Монгол нутагт тасралтгүй хүн амьдарч ирсэнийг гэрчлэх нэгэн баталгаа болдогт оршино.
Монгол орны хадны зургийг судалсан эрдэмтэд Хойт Цэнхэрийн агуй, Ишгэн толгой, Чандмань хар үзүүр, Хар үзүүр, Рашаан хад, Цагаан салаа, Бага Ойгор, Арал толгой зэрэг газраас олдсон хадны зургийг палеолитийн үед холбон үзэж, дэлхийд алдартай Франц, Испани, Португали зэрэг Баруун Европын төдийгүй дэлхий дахины хадны зураг анх үүсч хөгжсөн орнуудтай нэгэн цагт буюу дээд палеолитын үед Монгол оронд хадны зургийн урлаг бие даан үүсчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Энэ нь дээд палеолитын үеэс Монгол нутагт урлаг, гүн ухааны (философи) үүсэл тавигдсан нь хадны зургаар дамжин илэрч байгаа хэрэг юм.
-Баян-Өлгий аймаг төвөөсөө алслагдсан, Монгол орны баруун хязгаарт оршдог. Энэ нутагт судлаачид хэзээнээс эхэлж ирж судалгаа хийсэн бэ. Өмнө нь болон өнөөдөр судалгаа хийж буй судлаачид хэр олон бэ?
-XVIII-XIX, XX зуунд Хаант Оросын болон зарим нэгэн гадны судлаачид, газарзүйн нийгэмлэгийнхэн, жуулчид Монгол орны баруун хилээр зорчин өнгөрөхдөө тэмдэглэн үлдээсэн мэр сэр түүх, археологийн дурсгалуудаас өөр албан ёсны шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй иржээ. Харин 1957 онд Н. Сэр-Оджав Баян-Өлгий аймгийн Уйгур (Ойгор) сумын Хөх хөтөлийн Тост өтөг гэдэг газар бух, буга, янгир, ан гөрөө хийж буй зургийг илрүүлэн олж нийтэлснээр тус аймагт хадны зургийн судалгааны ажлын эхлэл тавигдсан гэж үздэг. Мөн 1969 онд тус аймгийн Бугат сумын Мөндөш гэдэг газраас хадны зураг олж илрүүлсэн тухайгаа Н.Сэр-Оджав дурдсан байдаг. Д.Дорж, Э.А.Новгородова, А.П.Окладников, Д.Баяр, Д.Эрдэнэбаатар, Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон Монгол Алтайн Цагаан салаа, Бага Ойгор, Шивээт хайрхан, Хар салаа, Цагаан салаа, Хар чулуу, Цагаан гол, Харуул толгой, Хар ус, Арал толгой, Хатуугийн гол, Хатуугийн нуур, Билүүт зэрэг газраас дэлхийн хэмжээнд цар хэмжээ, утга агуулгаараа томхонд тооцогдох дурсгалуудыг нээн олж, судалгааны үр дүнд 6 боть нэгэн сэдэвт зохиол, олон арван өгүүлэл нийтэлсэн.
Х.Лхагвасүрэн нар “Монголын Алтай-Соёны байгалийн өв археологийн дурсгалууд” бүтээлданх удаа Монгол Алтайн баруун хэсэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Билүүтийн хадны зургийг олж илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулсан. Ц.Төрбат, Н.Батболд, Я.Цэрэндагва, Х.Едилхан, Б.Өмирбек нар Өтөг бууц (Күйген хора), Бэлчээр, Тамгат, Чэхэртэй, Хаалгат, Улаанхад, Өвөр бууц, Бегенбай, Харганат, Мянган хонхор, Билүүт, Уушигийн улаан уул, Бөөрөгт, Хойд Хөлцөөт, Хатуу, Тамгат (Алтай сум) зэрэг олон тооны хадны зургийг илрүүлж, судлаад судалгааны нэлээд хэдэн бүтээл туурвисан нь Алтай бүс нутгийн, тэр дундаа Баян-Өлгий аймгийн нутагт байх хадны зургийг цогц байдлаар судалсан нь өндөр ач холбогдолтой ажил болсон юм.
-Дэлхийн өвд бүртгүүлсэн дурсгалт газарт хэчнээн хэмжээний зураг дүрслэл багтдаг юм бэ. Үүнийг ямар нэг нэгж, тоо ширхгээр хэмжиж, дотор нь төрөл зүйлээр ангилсан судалгаа байдаг л байх?
-Дэлхийн өв Монгол Алтайн хадны зургийн хамгийн том хэмжээтэй зураг 235 х 180 см бол хамгийн жижиг дүрслэл 1 х 1,5 см байна. Сэдэв зохиомжийн хувьд баялаг. Тархцын хувьд уртаашаа 15 км, өргөөшөө 600 м талбайд тархсан нийт 10.000 зохиомж, 60.000-70.000 тоо ширхэг зураг сийлсэн газрууд бий. Хамгийн эртний зураг дээд палеолитын үеэс эхэлж (НТӨ 40.000-15.000 жил), мезолит (НТӨ 15.000-8000 жил), неолит (НТӨ 8000-3000 жил), энолит (НТӨ 5000-3000 жил), хүрэл (НТӨ 3000-1000 жил), төмрийн түрүү үе (НТӨ 1000-VII зуун), эртний улсууд, Хүннү, Түрэг, Монголын үед холбогдоно.
Монгол дахь хадны зургийн дурсгалыг дүрслэлийн арга барилын хувьд судлаачид дараах үндсэн 4 төрөлд хуваан үздэг байна. Улаан зосоор зурсан зураг, Хадыг хонхойлгон цоолборлож сийлсэн сийлмэл зураг, Хурц үзүүртэй багажаар зурсан нарийн зураасан зураг, Хар бэхээр зурсан гэсэн дөрвөн төрөл бий. Эдгээрээс Монгол Алтайн хадны зургийн цогцолборт хар бэхэн зургаас бусад хадны зургийн ангилал элбэг тохиолддог.
Дэлхийн өвийн дурсгалт газрын хадны зургийг дүр, дүрслэл, сэдэв, зохиомжийн хувьд ан амьтдын сэдэвт, Аж ахуйн сэдэвт (хүний үйл ажиллагаатай холбоотой зургууд), Шүтлэг бишрэл, оршуулгын зан үйлийн сэдэвт, Тамга тэмдэг, Тодорхой бус дүрслэлүүд зэргээр ангилж болно. Хадны зургийнтөрөл зүйлээр ньсэдэвчлэн ангилах нь эртний хүмүүсийн үлдээсэн хадны зургийн утга санаа, эрхэлж байсан аж ахуйн талаар сэргээн тодруулахад чухал ач холбогдолтой.
-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа дурсгалт газруудад ямар үйл ажиллагаа явуулж байна. Ер нь хамгаалах зорилгоос гадна аялал, жуулчлалын болон соёлын эргэлтэд оруулахуйц менежмент хийх нь нэг зорилго байх?
-Бидний эрхэм зорилго бол Үндэсний бахархалт, Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын байгаль, соёлын өвийг эх төрх унаган байдлаар нь хадгалж, хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Энэ зорилгын хүрээнд манай захиргаа Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийг судлах, эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээх зэрэг үйл ажиллагааг оролцогч талуудын хамтаар хэрэгжүүлэх, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг менежментийн төлөвлөгөөнд тусгаж боловсруулж байна.
2021 оны 06 дугаар сард Дэлхийн өв Арал толгойд мэдээллийн нэг самбар, дэлхийн өвийн хоёр багана, Шивээт хайрханд нэг самбар, дөрвөн багана, Цагаан салаа-Бага Ойгорт нэг самбар, дөрвөн багана нийт3 мэдээллийн самбар, 10 ширхэг дэлхийн өвийн багана байрлуулсан. Энэ нь нутгийн иргэд, гадаад, дотоодын жуулчдад хадны зургийн талаарх мэдээлэл, хадгалалт хамгаалалтын тухай хууль эрх зүйн ойлголт өгөх үүрэгтэй. Дурсгалт газруудыг хариуцсан дөрвөн харуул хамгаалалтын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд тэд хадны зургийн бүрэн бүтэн байдал, орчны ариун цэвэрт хяналт тавин ажиллана. Тус захиргаа нь цаашид дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор телевизийн контент, хадны зургийн талаар бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал хийх, ЮНЕСКО-ийн Ази номхон далай бүс нутгийн онлайн 44 дүгээр хуралд оролцох, менежментийн төлөвлөгөөг эцэслэн батлуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.
-Дэлхийн өвийн дурсгалт газруудын хадгалалт хамгаалалт хэр байна. Хүмүүс хадны зурагтай хадан дээр нэр усаа бичдэг нь элбэг байдаг. Танай хамгаалалтын цогцолбор газруудад ийм аюул хэр байна?
- Тийм ээ. Хадан дээр нэр усаа бичих, сараачих явдал хаа сайгүй л байна. Манай захиргааны цогцолбор газрууд ч мөн адил. Саяхан дурсгалт газруудад хяналт шалгалт хийж нэлээдгүй хүмүүсийн нэрсийг бүртгэн баримтжуулсан. Өмнө нь судлаачид их ярьж, олон нийтэд хандан хадан дээр нэр бичиж болохгүй талаар ярьж сануулсаар ирсэн. Харамсалтай нь хүмүүсийн ухамсраас шаалтгаалан хайран сайхан хадны зургууд дээр дарж нэр усаа бичих, янз бүрийн дүрс үлдээдэг нь тасрахгүй байгаа нь бодит үнэн. Гэхдээ саяхан хийсэн хялалт шалгалтын үеэр хүмүүсийн нэрс 2010 оноос өмнө их бичигдснийг анзаарсан. Энэ нь хадны зургийн талаарх ойлголт муу, мөн өргөрсөн нийгмийн буруйнгуй суртал ухуулгатай холбоотой байсан болов уу. Бид сүүлийн жилүүдэд тасралтгүй хадны зургийн талаар сурталчлан ярьж байна. Нөгөөтэйгүүр аялал жуулчлал хөгжсөнөөр хадны зургийн талаар нутгийн иргэд, малчид ойлголттой болсныг харуулж байна.
Мөн миний бодлоор хадан дээр нэр бичих нь багассаны бас нэг шалтгаан нь хүүхдүүд гадаа тоглох нь ховордсонтой холбоотой болов уу. Хүүхдүүд ганц нэгээр утас барин гэрт тоглох болсноор гадаа гарч айл болон тоглох, олуулаа нийлж зугаалах, уул хаданд тоглох нь багассан байна.
- Тэгвэл гадны жуулчдын хувьд хадны сүг зураг сонирхолтой контент байж чаддаг уу?
Мэдээж, гадны улсууд зарим дүр дүрслэл, зохиомжийг гайхширан, сонирхдог. Тэд нүүдэлчдийн соёлыг ихээр сонирхон судлах, одоогийн Монголчуудын аж амьдралд хадны зураг хэрхэн холбогдож байгааг ол мэдэхийг хүсдэг байна. Бидний уугуул шашин бөө, тэнгэр шүтлэгт энэхүү хадны зураг шууд холбоотой байдаг нь гадны жуулчдын хорхойг хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, оюун санааны хөгжил, газар тэнгэрийн харилцаа нь тэдний хувьд цоо шинэ сонирхолтой мэдээлэл болдог байгаа юм.
Гадаадын зарим жуулчдын нэрс ч мэр сэр бичигдсэн л байдаг. Гэхдээ тэд хадны зурагтай хүндэтгэлтэй ханддаг, ялангуяа ойр орчмын газрын ариун цэвэрт маш ихээр анхаардаг. Тэд нэг ч хог хаяхгүй. Энэ нь жуулчны компани хөтөч, жолооч нарт үлгэр жишээ болж байгаа бөгөөд тэд ч мөн хог хаяхгүй, хогийг тусгай уутанд хийж авч явах, хогийн цэг дээр орхидог зуршил төлөвшүүлээд байна.
Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас ирсэн жуулчид хадны зургийг гуталтай гишгэхгүй, гутлаа тайлж нүцгэн хөлөөрөө гарч зураг авч байдаг нь тэд дэлхийн өв, хүн төрөлхтний соёлд хүндэтгэлтэй ханддагт соёлтой хүмүүс гэдгээ харуулдаг.
-Хадны сүг зургийн хамгаалалт гэдгийг уламжлалт байдлаар авч үзэж байна уу. Эсвэл техник технологийн дэвшил нэвтрүүлэх үү. Мөн танай захиргаа хэчнээн судлаачтай вэ?
Бид аль болох уламжлалт, онгон дагшин байдлыг хадгалан үдэхийг хүсдэг. Харамсалтайн олон жилийн өмнөөс хадны зурагтай газруудад айл шахаж өвөлжөө барьсан, мал маллаж аж төрж байгаа нь бидний хувьд бэрхшээл төрүүлж байгаа нь нууц биш. Тэд нарыг нүүлгэн шилжүүлнэ гэхэд нэлээд хүнд бэрхшээл үүсэх нь хэн хэнд маань ойлгомжтой. Тиймээс бид нутгийн иргэдтэй найрсаг харилцаа тогтоож, хадны зургийн талаарх мэдээллээр ханган ажиллаж байгаа. Түүнчлэн дурсгалт газруудын хүн ам, мал, бэлчээр, цаг уур гэх мэт бүхий л талаас нь өргөн хүрээний цогц судалгааг эхлүүлсэн. Цаашид хадны зурагт нөлөөлөх хүчин зүйлсийг үүгээр тогтооно гэж үзэж байна. Техник, технологийн хувьд болмж хомс байна. Гэхдээ зарим чухал дурсгалуудыг хамгаалалтанд авсан.
Тус захиргаа нь үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байна. Дэлхийг хамарсан цар тахлаас болоод зарим төлөвлөсөн ажлууд хугацаа хожимдож, хойшлогдоод байгаа. Жуулчдад зориулсан маршрут, зарим нэн ховор зургийг хамгаалалтад авах, мэдээллийн төв байгуулах зэрэг ажлууд бий. Захиргаанд байгалийн өвийн бүртгэл мэдээллийн санч, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч гэх хоёр мэргэжилтэн гол ажлыг нугалах ёстой.
Дэлхийн өв дурсгалт газруудын зөвхөн хадны зургийг биш нөлөөлийн бүс, хамгаалалтын бүсэд орших бүхий л зүйлийг судлах, цаашид хамгаалах арга хэмжээ авах ёстой. Жишээ нь хадны зурагт байгаль, хүний үйл ажиллагаа хэрхэн нөлөөлдөг, цаашид авах арга хэмжээг урьдчилан тооцоолно. Байгаль, цаг уурын өөрчлөлт гэх мэт.
Иймд ховор, дэлхийд хосгүй өв соёлоо хүн бүр ухамсарлан хамгаалаасай гэж бодно. Энэ бидний өвөг дээдсийн өв соёл, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хайрлан хамгаалах дурсгалт газрууд юм. Хадны зургийн нэг зохиомж нэгэн жарны түүхийг өгүүлнэ.
Мэдээллийн самбар, Дэлхийн өвийн багана
Хүмүүсийн нэрс
Ярилцсан З.Боргилмаа
Сэтгэгдэл (1)