Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12,116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 400 гаруй нь хавьтлуудын эхний болон давтан шинжилгээ байсан бөгөөд 10 хүнд коронавирус илэрлээ.
Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм.
Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ долоон тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн.
Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдлээ. Эдгээр хүмүүс нь мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал тул тусгаарлалтад байсан.
Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 801 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 434 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 4, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 байгаа" гэв.