Коронавирусийн халдварын 22 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 760 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн 11:00 цагаас хойш нийтдээ 11,929 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдний нэг нь халдварын ойрын тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан, хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал мөн тусгаарлалтад байсан хүмүүс байна.
Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 боллоо.
Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Тус аймагт батлагдсан 167 тохиолдол боллоо.
Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 болсон. Дорноговьд нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал хүн юм.
Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол байна.
Дотоодод голомтлон гарсан халдварын тохиолдол 318 боллоо.
Мөн энэ сарын 27-нд зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол гарсан. Олон улсын ачаа тээврийн жолоочид. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 760 байгаагаас 347 нь эдгэрсэн. Халдварын улмаас 406 хүн эмчлүүлж байна" гэлээ.