Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн 17:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагаас хойш 426 хүнд шинжилгээнд хамруулахад Сэлэнгэ аймагт 2 хүнээс коронавирус илэрлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 557 боллоо.
Үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25 хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Караокед орсон 3 хүн гэр бүл болон цаашаа орцоор дамжиж, караокеноос улбаатай 18 хүн халдвар авсан байна. Караокед орсон иргэнээс болж нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айлын хүн халдвар авсан байна" гэлээ.