АНУ-д 16 настай эзнээ дээрэмчдээс хамгаалсан баатарлаг нохойн түүх олныг шуугиулаад байна. Тодруулбал, Вашингтон мужийн Де-Мойн хотод байрлах хувийн орон сууцад хоёр дээрэмчин халдсан хэрэг гарчээ. Энэ үед Ксавьер Меркадо болон хоёр настай Рекс дуудлагатай Герман Овчарка үүлдрийн нохойтойгоо гэртээ байсан аж. Цонх хагарах дуунаар хүү цагдаад дуудлага өгч, нохойн хамт хоёр давхрын шүүгээнд нуугдаж амжжээ. Гэвч Рекс эзнийхээ гараас мултарч шатаар доош буун зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүдрүү дайрсан байна. Энэ үед хэрэгтнүүд гарт тааралдсан бүхнээрээ түүнийг зодож, нохойг буудсан ч Рекс бууж өгөлгүй эцсээ хүртэл эзнээ хамгаалсаар байжээ.
Нохой цус алдаж байсан ч эзнээ шалгахаар хоёр давхрын өрөөнд орсон байна. Дээрэмчид ч төд удалгүй хүүгийн нуугдаж байсан өрөөнд орж ирсэн. Хүүгийн авга эгч болох Сюзи Кадений хэлснээр нохой өөрт байсан бүх хүчээ шавхан дээрэмчидрүү дахин дайрсан байна. Нохойг дахин хэд хэдэн удаа буудах хүртэл тэр бууж өгөөгүйг Сюзи онцолж байв. Харин цагдаагийн дуут дохиог сонссон даруйд дээрэмчид гэрээс гарч зугтаж амжжээ.
Гурван удаа буун шарх авсан хэдий ч Рекс амьд үлдэж, одоо мал эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Рекс, эзэн хоёрын түүх олон Америкчуудад хүрсэн байна. Цахим ертөнцөөр дамжуулан нохойд 17 мянган долларын хандив цугласан бөгөөд энэ нь хүүгийн хүссэн хандиваас долоон мянган доллараар их байжээ.
“Рекс бол манай гэрт амьдардаг дөрвөн хөлт сахиусан тэнгэр” гэж хүүгийн ээж Жулия Каден хэвлэлийнхэнд хэлсэн байна. Харин Ксавьер хүү нохой нь байгаагүй бол одоо амьд байхгүй байсан гэдэгтээ тун их итгэлтэй байгаагаа хэлжээ.