Үндсэн хуульд заасан төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолыг өчигдөр парламент баталлаа.
Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой.
Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй.
Мөн тэднийг тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор шийдвэр гаргалаа" гэв.
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож байгаа юм байна.
Мөн Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө баталж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгожээ.