Хоёр өдөр үргэлжилсэн иргэдийн жагсаалтай холбоотойгоор УИХ-ын чуулган ээлжит бусаар цахимаар хаалттай хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Онц байдал тогтоох саналыг хэлэлцсэн. УИХ-ын 30 гаруй гишүүн онц байдал зарлахыг дэмжсэн бөгөөд саналыг хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир УИХ-аас онц байдал зарлах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж. Харин ҮАБЗ-ийн дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онц байдал зарлах шаардлагагүй гэж үзсэн байна.
Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "УИХ онц байдал зарлах санал ҮАБЗ хүргүүлдэг байгууллага огт биш. Харин зарласан онц байдлыг хууль ёсны эсэхийг хянаж, зөвшөөрөх эсэхийг шийддэг! Энэ зарчим зөрчигдсөн бол Г.Занданшатар Үндсэн хууль зөрчсөн асуудал үүснэ!" хэмээн бичжээ.