Өмнөд Солонгосын урлагийн томоохон баг Хойд Солонгосын нийслэл Пёньянд тоглолтоо хийх гэж байгаа билээ.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Өмнөдийн урлагийнхан Пёньянд анх удаа зочлох гэж байгаа нь энэ бөгөөд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаа харилцааг зөөлрүүлэх олон арга хэмжээний нэг юм.
Харин засгийн газрын эх сурвалжаас авсан мэдээллээр Сөүл энэ удаагийн тоглолтод өөрийн алдартай рэппер PSY-ийг оролцуулах хүсэлт гаргаад байгаа гэнэ.
“Бид уран бүтээлчдийн жагсаалтад PSY-ийг нэмэх хүсэлтээ Хойд Солонгосын талд албан ёсоор тавиад байна” гэж албаны хүн ярьсныг Ням гарагт MBC суваг мэдээлжээ.
Гэхдээ Хойд Солонгосын тал одоогоор алдартай рэпперийг оролцуулахыг эсэргүүцэж байгаа гэнэ. Түүний тайзан дээр гаргаж болзошгүй эвгүй ааш авир, үйлдлээс болгоомжилж байгаа ажээ. Гэхдээ Сөүлийн тал саналаа зүтгүүлсэн хэвээр байгаа гэнэ.
Сүүлд Хойд Солонгосын урлагийн баг Сөүлд хамтарсан тоглолт зохион байгуулахад PSY тайзан дээр цээж нүцгэлж, бохир үг хэллэг хэрэглэж байсан юм. Тухайн үед үзэгчдийн суудалд Пёньяны уран бүтээлчид, тухайлбал Ким Жон Уны байгуулсан гэгддэг алдартай Моранбон хамтлагийнхан байсан гэдэг.
Одоо 40 настай PSY нь 2012 онд “Gangnam style” дуугаараа дэлхий дахинд дуулиан тарьж байсан юм. Уг бүтээлд нь Сөүлийн баян тансаг Ганнам дүүргийн иргэдийн амьдралын хэв маягийг элэглэж байжээ.
Эх сурвалж: AFP