Дэлхийн хөгжмийн ертөнцөд к-поп урсгалынхнаас анх удаа нэрээ гаргаж яваа хамтлаг болох Өмнөд Солонгосын BTS дахин нэг шинэ дээд амжилт тогтоожээ.
Тэдний шинэ дуу “Idol”-ийн видео дүрсийг Баасан гарагт YouTube сүлжээнд нийтэлснээс хойш 24 цагийн дотор 45 сая удаа үзсэн байна.
Өмнөх дээд амжилтыг АНУ-ын поп од Тэйлор Свифт эзэмшиж байв. Түүний “Look What You Made Me Do” дууны дүрсийг 2017 онд нийтлэгдэхэд 24 цагийн дотор 43.2 сая удаа үзэж байжээ.
Яг одоо BTS-ийн шинэ хит бараг 100 сая хандалттай болоод байна.
Солонгос хөвгүүдийн хамтлаг өмнө нь өөр хэд хэдэн дээд амжилтыг тогтоож байв. Тухайлбал тэд Биллбордын Сошиал 50 жагсаалтын тэргүүн байрыг дараалан 57 долоо хоног тэргүүлж, Жастин Биберийн дээд амжилтыг эвдсэн юм. Уг шалгаруулалтад дэлхийн томоохон сошиал сүлжээнүүдийн үнэлгээ, эрэмбийг тооцдог ажээ.
BTS хамтлаг нь хэд хэдэн хөгжмийн шагнал хүртэж, Биллбордын топ 200 цомогийн жагсаалтад анх удаа багтсан Солонгосын уран бүтээлчид болж байв.
Эх сурвалж: BBC