Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон.
2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, "DuDu музей"-тэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн. “Би Сансарт ниснэ” өдөрлөг зохион байгуулагдана. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, нисэх сансрын технологи чиглэлээр хүүхдүүдийн сонирхлыг идэвхжүүлэхэд оршиж байна.
“Би ирээдүйн сансрын нисэгч”гар зургийн уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн 2018 оны гурав дугаар сарын 21-ний өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн /ООГХ/ дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 12:00 цагаас эхлэх бөгөөд “Би Сансарт ниснэ”өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 13:00 цагаас "Emart" худалдааны төвийн 5-н давхарт “DuDu музей” хүүхдийн тоглоомын төвд үргэлжилнэ.
Эх сурвалж: EAGLE.MN