Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар болсон бөгөөд бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвлийн олимпын үеэр БНХАУ-д айлчлахаар тохиролцсон байна. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдал ямар байхаас энэхүү айлчлал шийдэгдэх аж.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадагшаа хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж байгаа. Бид хоёр хөрштэйгөө ужгирсан, удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авна гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байна. Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй байх юм бол Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар тохирсон байгаа. Хоёр хөрш маань хилээ нээн, айлчлал хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн" гэсэн юм.
Дашрамд, одоогоор Бээжин-2022 Өвлийн олимпын зохион байгуулах хорооноос гадны болон дотоодын жуулчин, хөгжөөн дэмжигч хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргасан байгаа билээ.