The Voice of Mongolia шоуны Battle буюу Халз тулааны шат энэ ням /гуравдугаар сарын 25-наас/ гаригаас эхлэн үзэгчдэд хүрэх болно. Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх Халз тулааны шатнаас нийт 32 оролцогч шалгарч Гуравдугаар шат буюу LIVE SHOW-нд өрсөлдөх эрхтэй болох юм байна.
Ингэхдээ шүүгч бүрийн 16 оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж шүүгчийн сонголтоор тэдний нэг нь шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл баг тус бүрээс 8 оролцогч буюу нийт 32 оролцогч шоуны дараагийн шатанд тунаж үлдэнэ.
Харин шүүгчийн давуу эрхээ ашиглан нэмэлт оролцогчийг багтаа авсан С.Ононбат, Д.Уламбаяр шүүгч нарын багаас тус бүр нэг удаа гурван хос тайзнаа өрсөлдөж мөн л шүүгчийн сонголтоор тэдний зөвхөн нэг нь шоуг үргэлжлүүлэх боломжтой болох юм.
The Voice шоуны Battle-ийн шат нь зөвхөн оролцогчдын чансааг сориод зогсохгүй шүүгчдийн хэн нь хамгийн мэдрэмжтэй, хамгийн сайн продюсер болохыг харуулах тун сонирхолтой, өрсөлдөөнтэй шат байдаг. Шүүгчид Blind Audition шалгаруулалтаас дуу хоолойг нь сонсож сонгосон оролцогчдоо хоршин дуулахад хамгийн нийцэхүйцээр нь оноолт тааруулж тэдэнд маш сайн тохирох дууг сонгож дуулуулах ёстой. Ийм ч учраас Халз тулааны шат онц сонирхолтой, үзүүштэй тоглолтуудаар дүүрэн байна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Хэн ямар дуу сонгож, ямар найруулгаар хэрхэн ажиллах, хэн хэнтэй оноолт таарч Халз тулаанд өрсөлдөх гэх мэт анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн маш сонирхолтой шат үзэгч та бүхнийг хүлээж байна.
Энэ шатанд өөрийн чадвар чансаа, авьяас билгийг харуулахаас гадна бас нэгэн хүнд үүрэг шүүгч нарт маань оногдож байгаа. Тэр бол өөрийн сонгож авсан оролцогчдоо хос хосоор нь өрсөлдүүлж нэгийг нь хасах шийдвэр гаргах мөч байдаг. Тэр бол шүүгч болоод оролцогч, тэдний дэмжигч гэр бүлийнхэн гээд бүх хүний хувьд хүндхэн үе байх, шоуны зүрх догдлуулж, нүд баясгаж, чих дэлдийлгэсэн шинэхэн дугаараа тэсэн ядан хүлээе.
Эх сурвалж: MONGOLTV.NEWS