СУИС-ийн “Оюутан” театр өнөөдөр хөөмийн шинэ бүтээлийн “Галайхан” тоглолтоо нээнэ. Энэ нь тус сургуулийн багш, оюутнуудын анхны дуурилга ажээ. “Дуурилга” гэдэг нь дуу хөгжмийн аливаа илэрхийллээр дамжуулан агуулга өгүүлэх тодорхой цомнол бүхий тайзны бэсрэг хөгжмийн уран бүтээл юм байна. Энэхүү бүтээлийг санаачлагчид монгол угсаатанд л эрт үеэс уламжлагдаж ирсэн язгуур урлагийн хөөмийн төрлөөр үзүүлэх хөгжимт жүжгийг дуурилга хэмээн нэрлэсэн байна. Хэдэн үзэгдэл бүхий үйл явдалтай, жүжиглэнгээ хөөмийлж утга санаа илэрхийлэх энэ төрөл нь дуурьтай, драмын бүтээлтэй адил. Гэхдээ дүрүүд дуулахгүй, ярихгүй, гагцхүү хөөмийлнө, бүжиглэнэ.
“Галайхан” дуурилгын цомнолыг Чоно багш бичжээ. Энэ нь зохиолчийн уран бүтээлийн нэр бөгөөд чухам хэн болохыг үзэгчид тоглолтын нээлтийн үеэр олж мэдэх юм. Төслийн санаачлагч нь СУИС-ийн хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, хөгжмийн зохиолч нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд юм байна. Найрал дууны удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, бүжгийн найруулагчаар балетмейстер Р.Туяацэцэг, ерөнхий зураачаар монгол зургийн мастер Б.Нямхүү нар ажиллажээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн “Хөөмийч хүн бол өөрөө хүн хөгжим болой” хэмээн хэлсэн нь бий. Одоогоос 40 мянган жилийн өмнө “Агуйн хүмүүс” аянга цахилгаанаас үүссэн галаас таслан авч, галтай болсондоо баярлан хөөмийлж наадан байтал дуурилгын гол дүрүүдийн нэг Галайхан охины буруугаас өнөөх галаа алдчихдаг ажээ. Адал явдал хэрхэн өрнөхийг хөөмийчдийн дуу хоолой, жүжиг, бүжгээс харах нь сонирхолтой болов уу.