x

Хэлсэн хийсдэг, бичсэн үлддэг

2021.02.23.

Өнөөдөр 11.00 цагийн хэвлэлийн хурал болсонгүй. Оронд нь Ерөнхий сайд вакцин тариулахыг үзлээ. Монгол Улс бүтэн жилийн турш цар тахлын нөхцөл байдлын тухай тэр хурлын мэдээгээр амьдарч ирсэн билээ. Өнгөрсөн 24 цагт тийм тийм лабораторт төчнөөн шинжилгээ авахад төд илэрлээ гээд л. Араас нь тайлбар, тодруулга, тэгээд амны хаалтаа зүүх, зайгаа барих, гэртээ бүгэх гээд хэдэн мянга дахь зөвлөгөө хөвөрдөг ч чухам тэр ганц тооноос бидний ажил амьдрал өнөөдөр, маргааш, нөгөөдөр ямар байх, хөл хорих хорихгүй, хорих бол хэр чанга, хаагуур яаж гэдэг хамаарч байв. Үүний хажуугаар Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссын дарга нар том том шийдвэрээ танилцуулж үе үе доргиож байлаа.

Энэ бүх хурлыг үзэж сонсож суухад нэг юм дутаад байсан нь бүгдийг биш юмаа гэхэд хамгийн чухал тоо, дүгнэлт, шийдвэрүүдээ бичээд тараадаггүй явдал юм. Яахав, хэдэн минутын дараа сайтууд, маргааш нь сонинууд нийтэлдэг ч түүнийг бичдэг сэтгүүлчдэд хэвлэлийн мэдээ маягийн юм өгдөггүйгээс хурлууд сунжирсан яриа, давталт, улмаар дараачийн хурлын тал нь өмнөх хурлын залруулга, тодруулга. Хамгийн сүүлд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханы бараг гурван цагийн хэвлэлийн хурлыг ер бус тэвчээр гарган сонсож дуусгасан баатарлаг хүмүүсийн хамгийн түгээмэл сэтгэгдэл бол “юу ч ойлгосонгүй” байлаа. Би өөрөө арваад минутын дараа тэвчээр барагдан бууж өгөөд сувгаа сольсон.

Хэвлэлийн мэдээ гэхлээр заавал цаасан дээр буулган хэвлэж тараахыг хэлэхгүй. Тэгэх ч албагүй. Үг үсгээр бичээд цахимаар тарааж уншуулахыг бас тооцно. Даанч манай төрийн байгууллагууд “ямар нэгэн зөв ойлголт өгөх”, “гүтгэлгийг няцаах” тухай биш л бол хэвлэлийн мэдээ, мэдэгдэл гэгчийг мартжээ. Оронд нь сайд дарга, албан тушаалтнууд бурж өгнө дөө.

Хэлсэн юм хийсдэг, бичсэн юм үлддэг. Телевизээр ярьсан бичлэг харин ч баталгаа нотолгоо болно гэж байна уу? Баримт, мэдээлэл, шийдвэр бол бодитой зүйл. Түүнийг ярих бус үзүүлэх ёстой байтал ярьж салдаггүй. Ерөөсөө монголчууд бид баахан эмх замбараагүй ярьдаг улс. Үүнийгээ "буруу ярьж зөв ойлгодог" гэж буруу ярьдаг. Буруу ярьсан бол буруу л ойлгоно. Буруу ойлгоод буруу хийнэ. Дараа нь буруу ярьсан хүмүүс тэгэж яриагүй гэж бухна. Баталж нотлох боломжгүй. Тэгэхээр сайд, дарга, албан тушаалтнуудын хувьд хариуцлага хүлээхгүйн бас нэг цондон юм. Манай хэвлэл мэдээлэл тэднийг бүтэн цагаар хов хоосон чалчуулдаг, хамтарч пан гөрдөг, хамгийн чухлыг тулгаж асуудаггүй, бултаж зугтахуйц асуулт тавьдаггүй, найзан дундаа явж иржээ. Яруу алдарт хэвлэл мэдээлэл тэгэж хүмүүжүүлсэн байна. Ингээд одоо цагийн дарга нар олигтой соёлжиж иргэншихгүй, амаараа гурван цаг сүржигнэж сууна. Фидель Кастро ганцаараа долоон цаг ярьж Гиннест бичигдсэн бол тэр хүний цар чинээтэй харьцуулахад манай дарга нарт 15 минут хаваасаг. За яахав 30 минут.

Бичнэ гэдэг бол хариуцлагыг нэхдэг. Цаасан дээр үзгээр бичихийн нэгэн адил компьютерт шивэхдээ бодно, “ингэж бичвэл болох уу”, “нөгөө хэн даргын хэлсэнтэй зөрж байна уу?” гэх мэтээр толгой ажиллана. Үг үсэггүй эргэж нягтална. “Үзгээр бичсэнийг сүхээр ч арилгаж дийлэхгүй” гэдэг. Ингээд зөв, тодорхой, ойлгомжтой бичихийн төлөө явна. Ер нь олон нийт, сэтгүүлчдэд амаараа гурван цаг ярихгүй, бичгээр тайлбарлах ёстой гэвэл ядахдаа бичиж буулгахад тов тодорхой байх тийм шийдвэр гаргахыг хичээдэг болж магадгүй.

Бид бичгийн соёл, иргэншлээс төрсөн хүмүүс. Аудио, видео гэдгийг дуу, дүрс бичлэг хэмээн орчуулжээ. Бас л бичлэг. Бичихийн нөгөө талд унших гэж буй. Хорьдугаар зууныхан бүгд уншдаг байжээ. Намайг тавдугаар ангид байхад уран зохиолын багш маань Бямбын Ринченгийн дөнгөж хэвлэгдсэн “Их нүүдэл” романыг үзүүлж (давхарласан хавтастай, дээр нь улаанаар бичсэн санагдана) үйл явдлын хэсгээс хорхой хүргэн ярьж өгөөд “ном уншаад зүлгэн дээр хэвтэх”-ийн сайхныг өгүүлж байлаа. Ингээд би манай үеийнхний нэгэн адил аравдугаар анги төгсөн төгстөлөө роман туужуудыг уншиж өгсөн дөө. Эргээд бодоход монголын түүхийн анхны ойлголт, төсөөллийг би зөвхөн уран зохиолоос олж авсан. Хэрвээ би андуураагүй бол С.Дашдэндэвийн “Улаан наран” романд Богд хаант улсын монголын цэрэг Өвөр монголын нутагт хятадын хар цэрэгтэй байлдаж байсныг уншаад бахархаж байлаа. Тэр үед манайх Хятадтай байлдаж ч магадгүй, улаан хамгаалагчид дэргэд байсан цаг.

Би өөрийгөө XX зууны монголын ихэнх романыг уншсан гэж бодож явлаа. Тэгтэл нийт 300-аад роман бичигдсэнийг сонсоод хэр чинээгээ мэдэж авсан. Нэг зуугийн талаас ч хэтрээгүй байх шүү. Харин дэлхийн ертөнц, хүн төрөлхтөний түүхийн талаар “Спартак”, “Айвенго”, “Сүүлчийн Могикан”, Чарл Диккенсын “Дэвид Копперфильд”, Марк Твены “Том Сойерын адал явдал”, Жюль Вернийн “Усан доогуур 20 мянган бээр”, “Нууцат арал”-аас анх гайхашран уншсан. Ангиараа номоо дамжуулаад л … Хойно оюутан байхдаа XIX зуун, XX зууны эхэн үеийн оросын агуу зохиолуудаас нэлээдийг барсан шүү. Дөрөвдүгээр курсэд ороход Филиппов (нэрийг мэдээж мартсан) багш “Та нараас шалгалтан дээр зохиолчийн намтар, зохиолын үзэл санаа, дүр асуухгүй, зөвхөн зохиолыг нь яг уншсан эсэхийг энд тэндээс нь асууж илрүүлнэ” гэж анхааруулсан тул өрөөнийхөө оросуудтай номын сангаас хувааж аваад олон сар уншсан даа. Сүүлдээ амтанд нь ороод. Максим Горькийн хамгийн сайн нь “Эх” биш, бусад роман, хүүхэд насаа өгүүлсэн гурван тууж, бас гайхамшигтай өгүүллэгүүд юм байна гэдгийг тэгэхэд ухаарч билээ.

Хүн төрөлхтөн байтугай зөвхөн монголчуудын бичсэн нь, бичсээр байгаа нь асар их, харин хүмүүний амьдрал богино учраас хэн ч ихийг уншиж амжихгүй. Харин унших гэхлээр заавал цаасан дээрээс, тэр тусмаа ном уншихыг бодоод байдаг. Тэгвэл дэлгэцэн дээрээс уншсан бол уншсанд тооцох уу? Цахимаар уншаад ухаан нэмдэг үү? Ухаан далайд сэлсэн мэт болдог уу? Хүмүүс цаасаар унших багассан нь үнэн, гэхдээ дэлгэцээр унших цоо шинэ соёлоор орлуулаад байх шиг. Нөгөө талдаа компьютер, гар утасны ачаар зохиолч сэтгүүлчдээсээ эхлээд бичих нь амар хялбар болж бидний унших юм хэмжээ хязгааргүй нэмэгдээд л байдаг... 

Одоо би цааснаас дэлгэц рүү шилжиж байгаа үеийнхэн дунд манаргаж явна. Сүүлдээ залхуураад, тэртээ тэргүй барахгүйгээ мэдээд, бас хэмнээд одоо цагийн зохиол бүтээлийг цахимаар олдвол гялс уншчихийг хичээдэг. Цахим номын тухай ярьж байна. Хэрвээ номыг хавтас хуудаснаас нь салгаж, зөвхөн бичвэрийг зураг чимэглэлийг хасаад ч хамаагүй Word-ийн файл болгосныг жаахан сэтгэл дундуур, гэхдээ уншдаг. Харин цахим номын зарим үйлчилгээнд ном, сэтгүүлийн хавтсыг харуулсанд хууртаж нэвтэрч ороход энд тэнд нь реклам сурталчилгаа, хөдөлдөг дүрс, дуу чимээ нэмснийг хармагцаа хичнээн гоё сайхан байсан ч үтэр түргэн хаадаг. Бас хуучны номын зөвхөн нэрийг ашиглаж текстийг нь хуулж оруулахдаа үг, үсгийн алдааг цэмбийтэл засчихсан байвал огт тэвчдэггүй. Харин цахим ном яг цаасан ном шигээ, шарласан сарампай хавтас, нугларсан хуудас, 17-р хуудсан дээрх номын сангийн дардас, хэн нэгний үзгээр тэмдэглэсэн хэдэн үг, 1959 оны 12-р сарын 9 гэх мэт огноо, доогуур нь хичээнгүйлэн, эсэхүл хааш яйш зурсан мөр, тэгээд илт харагдах алдаа мадагтайгаа гээд тэр чигээрээ, үнэрнээс бусад нь хэвээрээ байвал дуртайяа уншдаг. PDF формат ийм байдаг нь таалагддаг. Энэ бол харагддаггүй цаас болой.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 42 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 55 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 6 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 29 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top