Их Британийн хунтайж Харри болон хатагтай Меган Маркл нарын хүлээлтээр дүүрэн хурим нижгэр явагдаж өндөрлөлөө. Хатан Хаан Элизабетийн амьдардаг, дэлхийн хамгийн эртний цайзуудын нэг Уиндсорт 600 хүндэт зочны хамтаар болсон хуримын ёслол дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Америкийн жүжигчин Меган Маркл нь алдарт телевизийн цуврал Suits-д бүтээсэн дүрээрээ олны танил болоод байсан юм. Мөн Меган Маркл охид эмэгтэйчүүдийн эрхийш хамгаалах олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцдог, НҮБ-ийн элч төлөөлөгчөөр ажилладаг байв. Сүй тавьснаасаа хойш урлагийн карьераа орхиж буйгаа зарласан Маркл филантропийн ажилдаа илүү анхаарах болно гэдгээ мэдэгдээд байсан билээ. Жүжигчин бүсгүй олон нийтийн сүлжээн дэхь бүх хуудсаа устгаж, өөрийн хөтөлдөг байсан амьдралын хэв маягийн блогоо хаасан юм.
Хуримын ёслолд хосуудын дотны найзууд, гэр бүлийнхэн, олны танил хүмүүс цугласан байв. Олны танил хүмүүсээс Опра, Клүүни, Бекхэмийн гэр бүл анхаарлын төвд байв. Алдарт теннисчин С.Уильямс, Suits киноны одод, Элтон Жон зэрэг хүндтэй зочид ч багтжээ. Тэд хуримдаа ямар ч улс төрийн зүтгэлтэнгүүд урихгүй гэдгээ албан ёсоор зарлаад байсан тул ерөнхий сайд Т.Мэй болон АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обама нар хуримд оролцсонгүй.
Шинэхэн хосод баяр хүргэхийг хүссэн хэдэн зуун мянган иргэд гудамжнаа цуглаж, Англи улс нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн өнгөрүүлэв.