Жил бүрийн театр урагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам 14 дэх удаагаа боллоо. Урьдчилсан шалгаруулалтад нийт гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад 26 нь үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн бүтээлүүдийг Драмын театрын тайзнаа тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд тоглож, шилдгийн шилдгүүдийг өчигдөр тодрууллаа.
“Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж болон Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар уригдан ажиллажээ.
“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулагдлаа. Наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртлээ.
Драмын жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын “Адууны түүх”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, Улсын хүүхэлдэйн театрын “Монгол ардын суут”, “Black box” театрын “Годог хүлээсэн нь” болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Далан худалч” бүтээлүүд нэр дэвшиж, драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор “Монгол ардын суут” жүжгээрээ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шалгарав. Драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүрээр Б.Шинэбаяр, эмэгтэй гол дүрийн шагналыг “Годог хүлээсэн нь” жүжгийн Эстрагоны дүрээр Д.Оюунзул авчээ. Хамгийн хүндтэй шагнал болох шилдэг найруулагчаар “Монгол ардын суут” жүжгийн найруулагч Б.Баатар агсныг нэрлэсэн байна.
Хөгжимт драмын төрөлд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Өндөр гэгээн”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Манлайбаатар” болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Алтан хундага”, “Хайр шингэсэн тоорой” бүтээлүүд нэр дэвшжээ. “Алтан хундага” жүжиг шилдэг тайзны зураач, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг, хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр шилдэг хөгжмийн зохиол шагналыг хүртэж, Дорнодын театрын шагналыг дахин нэгээр нэмжээ. Завхан аймгийн уран бүтээлчид гурван номинацийн эзэн болж, “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр залуу жүжигчин Ч.Лхагвадорж шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг авчээ. Харин хөгжимт драмын жүжгийн шилдэг найруулагчийн шагналыг мөн л “Өндөр гэгээн” жүжгээрээ Төрийн соёрхолт Н.Наранбаатар авлаа.
Б.ТУЯА