1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номондоо тодорхой дурдсан байдаг юм.
Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын Зөвлөлт Холбоот улсад үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм.
Энэхүү баримтат кино болоод номонд монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтсан байдаг юм.
Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр оруулж байна.