Ундармаагийн хацар дээр гялтганах дусал нулимс, бүдэгхэн сэнгэнэх үнэртэй ус, хөмсөг шанааг нь халхлан буусан хэдэн ширхэг сахилгагүй үс...Идэрмаагийн эмзэгхэн арьс, хумсных нь засалт, бэлхүүснийх нь галбир...гараа сарвайгаад хүрчихмээр дэндүү ойрхон, яг дэргэд зогсоод гол дүрийн жүжигчид уйлж, инээж, дурлан хайрлаж, дундран хагацаж буй давтагдашгүй агшнууд...
АСEM VILLA дахь Бөмбөгөр цагаан театрт морилон ирсэн хэн бүхэн энэ гайхмаар эгэл дотно хэрнээ эрхэмсэг мэдрэмжээр амьсгалсан гэдгийг онцолмоор байна. "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжиг агуулгын хувьд ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд дэндүү ойрхон ажээ. Нүүр тулахаас зайлсхийдэг нүцгэн үнэн, нүүгээд холдчихмоор "новшийн" үнэн, гараа алдлан угтмаар гайхам үнэн энэ жүжигт бий. Гадныхны зохиол, эсвэл зохиомжийг хуулбарласангүй. Монгол уран бүтээлчдийн зохиол, санаа, аялгуу, сэтгэл зүрх тэнд бас бий.
Ангирмаагийн зүрх хөглөсөн аялгуу, Отгонжаргалын уянгалаг атлаа хүчирхэг хоолой эгшиглэж...Эмүжингийн зэвүүн эрх чөлөө, зэрлэг ухаарал, Баясгалангийн чадал заасан найруулга...галзуу эро бүжигчдийг амьсгал шүргэм дэргэдээс нь харж...гол дүрийн хоёр бүсгүйн сэтгэл хөдлөл, жүжиглэлтийг арьс шүргэм ойрхноос мэдэрч болох өвөрмөц орчин. Үзэгчид урсан буй нулимсаа нуух ч шаардлагагүй, бие биенээсээ амны цаас сурагласан тийм л дотно орой...уйлах, инээх уралдсан тийм л учиртай үдэш...хүн хүндээ ойрхон байлгүй ямар их удаа вэ? "Ангарагаас ирсэн эмэгтэй" харин үүнийг санууллаа.
Халуун галын илч дүрэлзсэн монгол гэрт тойрон суугаад, монгол бүсгүйчүүдийн ур ухаанаар бүтсэн жүжгийг шимтэн үзэж, монгол сэтгэл хөдлөлийг нэг нэгнийхээ нүүрэн дээрээс нэрэлхэлгүй уншиж болох ийм боломж магадгүй нэгэн амьдралд цөөн тохиох буй за. "Ангарагаас ирсэн эмэгтэй" хаврын энэ үдшүүдээс яг л ийм гэгээн атал гэрэлт агшнуудыг "хулгайлан" бидэнд авчирлаа. Тавдугаар сарын 15-ныг хүртэл, үдэш бүр 20 цагаас ACEM VILLA дахь Бөмбөгөр цагаан театрт эл гайхамшигтай та нүүр тулаарай. Тэгээд хүн хүнээсээ хол явах учиргүйг, холдох ч боломжгүйг ухаараарай. Нээрэн Бөмбөгөр цагаан театр нов ногоохон хамби хилэн хөшигтэй юм билээ. Ангарагаас ирсэн эмэгтэйтэй амьсгал шүргэм, арьс цочим ойрхон очих боломжийг 19001950 танд олгоно.